Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг билээ. Энэ дагуу  МАН-ын  бүлэг хуралдаж дуусжээ. Өнөөдрийн /2024.10.21/ ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн гишүүд мэдээлэл өгөв.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар “МАН-ын бүлэг Засгийн газраас боловсруулж буй улс орныг хөгжилд түүчээлэх 14 мега төслийг нэг нэгээр нь хэлэлцэж, тодорхой улс төрийн шийдвэрийг гаргаад явна. Эхнийх нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн явцын мэдээллийг сонслоо. Монгол, Энэтхэг улсын эдийн засгийн хамтын ажиллагааны үр дүнд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах гэрээг байгуулсан. Энэ ажил 2021 оноос эхэлж, цар тахлын нөхцөл байдал тулгарсан амаргүй үе байсан ч ажлууд нь үргэлжилж байгаа. Нийт дөрвөн багц ажлыг гүйцэтгэх ёстойгоор гурав нь бүрэн хэрэгжиж байна. Ажил нь удааширсан асуудлууд ч байна.

Гол асуудал нь нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон. Энэ талаар Энэтхэгийн талтай ярилцаж, хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулахаар яаравчлах нь зүйтэй гэж үзлээ.

Түүнээс гадна газрын тос олборлолтын үйл ажиллагааны талаарх явцыг сонссон. Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодоосоо хангах ёстой гэсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж бий. Тийм учраас газрын тос боловсруулалтын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Өмнө нь нэг сая 100 тоннд хүрч байсан бол одоо 530 мянган тоннд хүрч, хоёр дахин буурсан. Үүний учир шалтгааныг тодруулж, БНХАУ-ын “Петро Чайна Дачин тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг нэг талд шийдвэрлэхгүй бол төвөгтэй байдлыг бий болгож байна” хэмээн хэллээ.

Үргэлжлүүлэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр ярилцлаа. Танилцуулгадаа үйлдвэрийн явц, тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын явц, үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтын явцаас мэдээлэл өгсөн. Энэтхэг улсын 1.2 тэрбум ам.долларын зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох төсөл 2019 оноос эхэлсэн. Бид дөрвөн багцад хувааж ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний багц дуусах шатандаа яваа. Харин хоёр, гуравдугаар багц хэрэгжээд явж байгаа бол дөрөвдүгээр багцад нийт санхүүжилт хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсэж, 431 сая ам.доллароор нэмэгдэхээр болсон.

Учир нь, цар тахлын дараагаар бүтээн байгуулалтын өртөг хэд дахин өссөн учраас ийм асуудал үүсэж байна. Энэтхэгийн Экзим банкнаас 431 сая ам.долларыг нэмж авах гэрээг байгуулснаар энэ төсөл зогсолтгүй явах нөхцөл бүрдэнэ.

Ингэснээр 2027 оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Бид нэмэлт санхүүжилтийн гэрээг яаравчлан байгуулах шаардлагатай байгаа.

Энэ нь 1.6 тэрбум ам.долларын төсөл учраас богино хугацаанд ашиглалтад оруулахыг зорьж ажиллана.

Дотоодынхоо газрын тосны 55 хувийг хангахаар төлөвлөж буй. Үлдсэн хувийг импортоор хангана. Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл огт тасраагүй. Цоо шинэ хүнд аж үйлдвэрийн төслийг хэрэгжүүлнэ гэдэг амаргүй. Дараа дараагийн ийм бүтээн байгуулалтыг эхлэхэд мөн л их хугацаа орно. Инженерчлэлийн ажил гэхэд 2-4 жил үргэлжилдэг.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 2021 оны нэгдүгээр сарын 15-нд Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаа болсон. Тус үйлдвэр нь  Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 1.2 тэрбум ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж буй бөгөөд жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай гэж тооцоолж байгаа” гэв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу