Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ахмад настны асаргаа, сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын удирдлагууд, Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Геринтологийн үндэсний төв зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.

Энэ талаар тэрбээр “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ахмад настнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах, дэмжих чиглэлээр үндсэн таван зорилт тусгасан. Үүний нэг нь ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээг хөгжүүлж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоог дэмжих юм.

Монгол Улсад Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, нийслэлийн Сүхбаатар дүүрэгт “Ачлалт хүүхдүүд” төрийн бус байгууллага ахмадын асаргаа сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Мөн өдрөөр харах, гэрийн асрамж, түр байршуулан асрах зэрэг үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагууд хэрэгжүүлж эхэлжээ.

Үүн дээр хувийн хэвшлээ дэмжиж, үйлчилгээг нь тарифжуулах, нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн сантай уялдуулж даатгалаараа санхүүждэг, хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагатай байна.

Цаашдаа урт хугацааны асрамжийн үйлчилгээний үндэсний тогтолцоотой болно.

Мөн ахмадуудынхаа эрсдэлийн илрүүлгийг орон даяар зохион байгуулж, эрхзүйн зохицуулалтуудаа өөрчилж, ахмадууд асрах, сувилах чиглэлээр мэргэшсэн эмч, эмнэлгийн ажилчдаа бэлтгэнэ” хэмээлээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу