Монголын улс төрд шинэ өнгө төрх болно хэмээн лоозогнож ирсэн ХҮН намынхан дотроо хагаралдаад эхэлжээ. Ямар ч мэдлэг, боловсролтой хүн эрх мэдэл, албан тушаалын өмнө хүчин мөхөсддөг гэдэг үнэн бололтой. Хамгийн шилдэг мэргэшсэн боловсон хүчинтэй хэмээн гайхуулж ирсэн Т.Доржхандын тэргүүлсэн ХҮН намынхан УИХ-ын сонгуульд зургаан суудалтай болж, магнай хагарч байсан цаг саяхан.

ХҮН намынхан орон нутгийн сонгуульд хөөрцөглөж ороод хөгөө чирч унасан. Ёстой мордохын хазгай гэх үү их санасан газар есөн шөнө хоосон хононо гэх үү. Ямартай ч тэд хамраараа газар хатган НИТХ-д нэг ч төлөөлөл гаргаж чадсангүй.

Тэгвэл ХҮН намын залуус нэгдэж орон нутгийн сонгуулийн алдаа, оноогоо ярилцан Т.Доржханд, П.Наранбаяр нар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хамтран орсноор намын нэр хүнд унаж орон нутгийн сонгуульд ялагдах гол үндэс болсон гэж үзжээ. Тиймээс Шадар сайд Т.Доржханд, Боловсролын сайд П.Наранбаяр нарыг засгаас гарах эсхүл намын удирдлагын албан тушаалаа өг хэмээн шахаж эхэлсэн байх юм. П.Наранбаяр Засгийн газраас гарахад татгалзах зүйлгүй гэсэн бол Т.Доржханд шахаанд орон яахаа мэдэхгүй байгаа аж.

Ирсэн гийчин буцдагийн адилаар Засгийн газарт гурван сар сайд хийгээд буцах эсхүл намын даргын ажлаа өгч засагтаа сайдаар үлдэх тулгалтын өмнө Т.Доржханд ямар шийдвэр гаргах нь тодорхойгүй байгаа юм.

Р.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу