Япон улсын Жайка байгууллагаас санаачлан зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх” DPUB төслийн хүрээнд бэлтгэгдсэн ААН, байгууллагууд дахь нөлөөллийн семинарын лектор багш Х.Батчимэгтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн их тулгамддаг нийгмийн асуудлын талаар ярилцлаа. 

-“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх DPUB 2 төсөл”-ийн хүрээнд хийгдсэн ажил, давуу талын талаар ярихгүй юу?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тогтвортой хөдөлмөр эрхэлнэ гэдэг нь өөрөө асуудалтай байдаг. Тухайлбал нийгмийн хандлага, ойлголт тааруу байдгаас шалтгаалаад тогтвортой хөдөлмөр эрхлэхэд юу хэрэгтэй байдаг талаар аль аль талдаа ойлголт муутай байдаг.

Тэгэхээр энэ төслийн хүрээнд бэлтгэгдсэн багш нар маань, ААН, байгууллагуудтай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэхэд нь ажлын байрны тохируулга гэж юм байдаг гэдгийг ойлгуулах, хөгжлийн бэрхшээлийн талаар зөв хандлага ойлголтыг олгосноор ААН-үүд маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэх тэр боломжоор нь хангах зорилготой сургалт семинарыг зохион байгуулж байсан.

Мөн энэ төслийн хүрээнд Монгол Улсын ажил мэргэжлийн жагсаалтад ажлын байрны дадлагажуулагч гэдэг мэргэжлийг албан ёсоор бүртгэж оруулсан байгаа. Тэгэхээр энэ мэргэжил маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тухайн ажлын байр, хамт олонд нь дасан зохицоход нь тусалдаг, дэмжлэг үзүүлдэг мэргэжилтнүүдийг бэлддэг гэсэн үг.

-Манайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн их тулгамддаг асуудал нь юу байдаг вэ?

-Манайд хамгийн их тулгамддаг бэрхшээл нь орчны болоод мэдээллийн хүртээмжгүй байдал байгаа. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил хийе гэхээр гэрээсээ ажил хүртэлх зам нь хэр бартаатай байх вэ. Үүнийг даван туулаад яваад очиход ААН байгууллагын хандлага ойлголт нь хэр байх вэ гэдэг асуудал болоод байна.

Тиймээс нийгмийн зүгээс хамгийн их тулгарч байгаа асуудал нь хандлага ойлголт, дэд бүтцийн мэдээллийн хүртээмжгүй байдал маш их саад болдог. Энэ дээр төслийн хүрээнд Япон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэрхэн амжилттайгаар хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа вэ гэдэг сайн туршлагуудыг судлаад боломжтойг нь Монгол улсын нөхцөл байдалд тааруулж хэрэгжүүлэх боломжийг төслийн хүрээнд олгосон.

-Жишээлбэл гаднын улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмждэг юм бэ? Монголын хөрсөн дээр буулгаж болох туршлагаас хуваалцахгүй юу?

-Дэлхий нийтийн чиг хандлага бол ялгаатай байдлын оролцоог нэмэгдүүлэх гэж байгаа. Нийгэмд маш олон янзын хүмүүс байдаг. Тэгвэл тэр бүх ялгаатай байдлыг нийгэмд эрх тэгш оролцуулах тэр боломжийг нь хангах байгаад байгаа юм. Тэгэхээр энэ дээр хөдөлмөр эрхлэлтээр дамжуулаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, мөн гэр бүл, улс орондоо илүү санхүүгийн эрх чөлөөт иргэдийг бий болгох зорилго байгаад байгаа шүү дээ.

Би Японд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр сургалтад хамрагдаад ирсэн. Жишээлбэл, энэ үеэр Японы ААН, байгууллагуудаар яваад үзэж байхад тухайн ААН, байгууллагуудад бие даан амьдрах төвүүд гэж байдаг юм байна. Тэдгээр төвүүд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ хөдөлмөрийн зах зээлд бэлддэг. Тэнд хүмүүс маань ур чадвартай болж бэлтгэгдсэнээрээ эргээд ААН, байгууллагуудад өөрөөсөө бусад нэгэн ижил хүмүүст хөдөлмөр эрхлээд явах боломжийг нь бүрдүүлж байсан. Энэ нь надад монголдоо хэрэгжүүлж болохоор туршлага санагдсан.

-Таныг гадуур явахад нийгэм хэрхэн хүлээж авч байна вэ?

-Нэг үеэ бодоход хүмүүсийн хандлага харьцангуй гайгүй болчхож. Хэдийгээр хандлага сайжирч байгаа ч гэсэн яах аргагүй орчны хүртээмж гэдэг зүйл нь мэдээллийн хүртээмж нь дагаад сайжрахгүй байгаа болохоор энэ маань өөрөө асуудал болоод байгаа юм. Жишээлбэл би нэг газраас гараад нөгөө газар очиход үргэлж саад бартаатай тулгарч байдаг. Тэгэхээр энэ дээр зайлшгүй хэн нэгний тусламжийг авах шаардлага гарч байдаг. Эсвэл ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлэх, ямар нэгэн байнгын ажилтай байхад энэ маань өөрөө саад болоод байдаг.

-Жишээлбэл хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхэд маш хүндрэлтэй байдаг шүү дээ. Таны хувьд ийм бэрхшээлтэй тулгарч байв уу?

-Нэг судалгааны тоон мэдээлэл харж байхад нэлээд их хувь нь хүртээмжтэй болсон гэж байсан.

Энэ дээр хувь хүний туршлагаасаа хэлэхэд, би 2000 онд осолд ороод нуруу нугасны гэмтэл аваад тэргэнцэртэй болсон. Түүнээс хойш нийтийн тээврээр нэг ч удаа үйлчлүүлж үзээгүй. Яагаад гэхээр миний гэрээс миний ажил хүртэлх замд надад хүртээмжтэй нийтийн тээвэр байдаггүй.

Нэг удаа би ажил болгоод нийтийн тээврээр үйлчлүүлэх гээд автобусны буудал дээр очсон. Тэгээд хүлээж байгаад манай чиглэл рүү явах автобус ирэхээр нь суух гэсэн чинь маш өндөр хоёр шаттай байсан. “За яах вэ хүнээр өргүүлээд суучихъя” гэж бодоод харсан чинь дундаа бариултай байсан. Би яагаад ч тийшээ орж чадахгүй байгаа байхгүй юу. Тэгээд дахиад дараагийн автобусыг хүлээсэн чинь яг адилхан автобус ирсэн.

Тэгэхээр миний хэрэгцээ гэрээсээ гараад ажил руугаа очих, ажлаасаа гараад гэр лүүгээ очих энэ хооронд хүртээмжтэй тээвэр байхгүй бол хотын төвөөр нийтэд хүртээмжтэй автобус явууллаа гээд энэ нь надад хүртээмжгүй. Төвөөр ийм автобус явдаг гээд би зорилгогүйгээр төвөөр яваад байхгүй шүү дээ.

Надад гол нь миний хэрэгцээтэй газар хүртээмжтэй тээвэр байх ёстой. Гэхдээ даанч энэ нь одоогоор байхгүй. Тэгэхээр би нийтийн тээврээр үйлчлүүлж үзээгүй өдийг хүртэл явж байна.

Шаардлагатай тохиолдолд такси барьдаг аль эсвэл гэр бүлийнхнийхээ дэмжлэгтэйгээр А цэгээс Б цэг хүрэх энэ ажлаа 20 гаруй жил хийгээд явж байгаа.

-Ярилцсанд баярлалаа. 

Н.УЯНГА 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу