Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шил ажиллагаа”-ны хүрээнд shilendans.gov.mn сайтад төрийн байгууллагууд болон төрийн өмчит газрууд санхүүгийн тайлан мэдээллээ нийтэлдэг болсон билээ.

Уг мэдээллээс Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2024 оноос хойших зарлагын тайланг шүүж үзлээ. 

2024 оны нэгдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд Нийслэлийн Засаг даргын тамгын газар 155 сая 444 мянга 636 төгрөгийг тийзийн зардалд зарцуулжээ. 

Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард нийтийн тээврийн үйлчилгээг судлах, сайжруулах зорилгоор гадны улс руу явахад нийт 37 сая 217 мянга 334 төгрөгөөр онгоцны тийз худалдан авсан байна. 

Ингэхдээ, тавдугаар сарын 29-нд “БНХАУ Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах томилолтын зардал” гэсэн гүйлгээний утгатайгаар Тэмүүжин Эрдэнэбаяр гэх эзэмшигчийн данс руу 13 сая 694 мянга 430 төгрөгийг шилжүүлжээ. Мөн эл өдөр “Скай тикет энд травел ХХК” гэх данс руу 12 сая 746 мянга 400 төгрөгийг “БНХАУ руу албан томилолтын тийзний үнэ” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байгаа юм.

Тавдугаар сарын 29-нд мөн Энхтайван Өлзий гэх эзэмшигчийн данс руу 5 сая 535 мянга 257 төгрөгийг, Отгонжаргал гэх данс руу 5 сая 241 мянга 247 төгрөгийг “Нийтийн тээврийн үйлчилгээг судлах, хамтран ажиллах томилолтын зардал” гэх утгатайгаар тус тус шилжүүлсэн байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу