Өнөөдөр Олон улсын ирвэс хамгаалах өдөр тохиож байна.

2013 онд Бишкект болсон Ирвэс хамгаалах дэлхийн форумын үеэр жил бүрийн аравдугаар сарын 23-ныг “Ирвэс хамгаалах өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргасан юм. Харин манай улс 2014 оноос энэхүү өдрийг тэмдэглэж, 10 жилийг ардаа орхисон байна.

Ирвэс бол мийнхэн овгийн амьтдаас хамгийн бага судлагдсан, хамгийн хүнд нөхцөлд амьдардаг, Дэлхийн Улаан номд багтсан маш ховор амьтан юм. Одоогийн байдлаар дэлхийд 4000 ирвэс байгаа нь Хятад, Афганистан, Бутан, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Монгол, Балба, ОХУ, Пакистан, Тажикстан, Узбекистан улсад байна. Энэ бүх оронд ирвэсийг Төв Азийн хүч чадлын бэлгэ тэмдэг гэж үзэн, баригдашгүй араатан хэмээн домог ярианд дурдсан байдаг.

Монголд 1000 орчим цоохор ирвэс Монгол Алтай, Говь-Алтай, Хангай, Саяны нурууг дамнан ойролцоогоор 328 мянган км квадрат газар нутагт тархан амьдарч байгаа нь тодорхой болсон бөгөөд дэлхийн нийт цоохор ирвэсний 20 хувь гаруй манай улсад бий.

Ирвэс хамгаалах өдрийг дэлхийн улс орнуудад ирвэсний талаар үзэсгэлэн, хурал, сургалт зохион байгуулж, баримтад кино үзүүлэн, спорт, урлагийн алдартнууд ирвэс хамгаалахыг уриалдаг билээ. 

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу