“Малын дотор мах – үнэт чанар, нөөц, боломж” өдөрлөг өнөөдөр /2024.10.23/ боллоо. 

Тус өдөрлөгөөр Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд “Дотор махны өдөр”-ийг тэмдэглэн, дотор махны нөөц, үйлдвэрлэл, зах зээл, хэрэглээний талаар мэдээлэл солилцон, цаашдын боломжуудыг хэлэлцэв.

Өдөрлөгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын захирагчийн алба, Монголын Махны Холбоо болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС) хамтран зохион байгууллаа. Улмаар төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болон хүнс, хөдөө аж ахуйн салбарын судлаач, эрдэмтэд нэг дор цуглан хэлэлцүүлэг өрнүүлэв.

Тухайлбал дотор махны нэмүү өртгийн сүлжээг экспортын өсөлтийг дэмжихэд чиглүүлэн хөгжүүлэх, шинэлэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг үүсгэн өргөжүүлэх, биологийн үнэт чанар бүхий уг түүхий эд, бүтээгдэхүүнийг шим тэжээлийн дутлыг нөхөх, бууруулахад хэрэглээг нэмэгдүүлэх зэргийн ач холбогдлыг онцолсон юм.

Энэхүү үйл ажиллагаа нь бүрэн ашиглагдахгүй байгаа хүнсний нөөцийг ашиглан Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих өргөн цар хүрээтэй ажлын нэг хэсэг аж. Улмаар ажлын байр нэмэгдүүлэх, хүн амын эрүүл мэндийг сайжруулах зорилготой юм. 

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлените тус өдөрлөгөөр нээж хэлсэн үгэндээ:

-Европын Холбооноос Монгол Улсын хөдөө аж ахуй, хүнсний салбарын хөдөлмөр эрхлэлтийг үргэлж дэмжин ажилласаар ирсэн бөгөөд энэ хүрээнд дотор махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, зах зээлийн нөөц боломж их байгааг дурдав. Мөн үүнийг засгийн газраас дэмжиж байгаа нь маш сонирхолтой бөгөөд чухал ажил болж байна гэдгийг онцолсон юм.

Монгол Улс жилд 250,000 тонн дотор мах махны үйлдвэрлэлээс гардаг ч зөвхөн 19%-ийг дотоодод хэрэглэдэг бөгөөд үлдсэн хэсэг нь ашиглагдахгүй хаягддаг гэсэн тооцоо гарчээ.

Малын дотор мах нь химийн найрлага, биологийн үнэт чанарын хувьд тураг махтай ойролцоо, уургаас гадна эрдэс бодис, ялангуяа төмөр, селен, цайр болон А, В, Д амин дэмээр баялаг хүнс тэжээлийн өндөр ач холбогдолтой түүхий эд юм. 

Монгол хонины 100 гр түүхий элгэнд дунджаар 20 гр төгс уураг, 8 мг орчим төмөр агуулагддаг. Энэ нь эдгээр шимт нэгдлийн хэрэглээний өдрийн зөвлөмж хэмжээг 50 хувь хангах боломжтой юм. Иймд дотор махан бүтээгдэхүүн нь манай хүн амын бүх насныхны дунд түгээмэл байдаг цус багадалт болон бусад шим тэжээлийн дутлыг бууруулахад нэн чухал хүнс болохыг онцоллоо. 

Эцэст нь дотор махны зах зээлийн өртгийн сүлжээний дагуу хөгжүүлэх, залуучуудын ажлын байрыг нэмэгдүүлэх, хувийн хэвшилд технологи дамжуулах болон шинэлэг бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн талаар хамтран ажиллах шаардлагатай талаар оролцогчдын зүгээс хэлсэн юм.

Н.УЯНГА  

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу