Импортоор орж ирсэн тээврийн хэрэгсэлд арваннэгдүгээр сарын 1-нээс Улаанбаатарын серитэй шинэ дугаар олгохгүйг мэдээлсэн.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Зам тээврийн зөрчил, ослыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дээд хязгаарыг тогтоох тухай журам арваннэгдүгээр сарын 8-наас хэрэгжиж эхэлнэ.

2023 оны байдлаар Улаанбаатар хот 1.6 сая хүн амтай. Нийт тээврийн хэрэгслийн 39.8 хувийг эзэлж байгаа. Замын хөдөлгөөний оргил цагийн үеэр тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13км/ц буюу маш удаан болсон.

Хөдөлгөөний эзлэхүүнийг замын багтаамжид харьцуулсан олон улсын үзүүлэлт 1.7-2.2. Түгжрэлийн урт 97.3км-т хүрч байна. 2030 он гэхэд Улаанбаатар хотын хүн ам хоёр саяд хүрч, тээврийн хэрэгслийн тоо 928 мянган, оргил ачааллын үед тээврийн хэрэгслийн хурд 5км/ц буюу явган хүний хурдад хүрэх, түгжрэлийн урт 200км болох тоон үзүүлэлтүүд гарсан.

Замын түгжрэлийг бууруулахаар метро, Туулын хурдны замын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа. НИТХ-аас энэ оны хоёрдугаар сард нийслэл хотын тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Гэвч өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэргсэл бүртгэгдэж, 55 мянгаар хэтэрсэн байна. Тиймээс Улаанбаатар хотод тээврийн хэрэгсэлд шинээр дугаар олголтыг хязгаарлах шалгуур үзүүлэлт өнөөдөр батлагдсан.

Шалгуур үзүүлэлтэд 10 жилээс хэтэрсэн насжилттай тээврийн хэрэгслийг хасах, жолооны зөв хүрдтэй байх зэргийг тусгасан. Улаанбаатар хотод арваннэгдүгээр сарын 8-наас тээврийн хэрэгсэлд улсын дугаар шинээр олгохыг хязгаарлана. Ингэснээр түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд ач холбогдолтой” гэж мэдээллээ.

Зерчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүгээр жолооч нар торгуулиа хугацаанд нь төлбөл 50 хувь хөнгөлж, хугацаандаа багтаж төлөөгүй бол 50 хувь нэмэгдүүлэхээр заасан юм. Хуулийн уг өөрчлөлтийн хэрэгжүүлэхтэй холбоотой аргачлалыг Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-ны дарга, цагдаагийн хурандаа Б.Дэлгэрсайхан танилцууллаа.

Тэрбээр “Шийтгэл оногдуулснаас хойш 15 хоногт багтан торгуулиа төлбөл тухайн торгуулийн дүнг 50 хувь хөнгөрүүлнэ. Харин энэ хугацаа дууссанаас хойш буюу 16 дахь хоногоос эхлээд сар бүр үндсэн торгуулийн хэмжээг 10 хувь нэмэгдүүлэх журмын зохицуулалт хийгдсэн. Хуульд заасан хугацаанд торгуулиа төлөөгүй бол тухайн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах үед нь хязгаарлах, түр саатуулах арга хэмжээ авна” гэв. Түүнчлэн дугаар бүртгэлийн зөрчилтэй, техникийн оношилгоо, жолоочийн хариуцлагын Даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлах үндэслэлтэй гэдгийг нэмж хэллээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу