Давсаг нь ялгарсан шээсийг хадгалж, биеэс гадагшлуулах үйл ажиллагаа бөгөөд энэ эрхтэн тогтолцоонд үүссэн хорт хавдрыг давсгийн хорт хавдар гэнэ.

Шээс дамжуулах замын дотроос давсгийн хорт хавдар нь хамгийн түгээмэл тохиолддог бөгөөд сүүлийн жилүүдэд өвчлөл нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа талаар АУ-ны магистр, УНТЭ-ийн УАТ-ийн их эмч, Монголын урологи, андрологийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга М.Эрдэнэсайхан илтгэл хэлэлцүүлсэн юм. Түүний илтгэлээс давсгийн хорт хавдрын шинж тэмдэг болон нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна. 

Давсгийн хорт хавдар нь шинээр оношлогдож буй хорт хавдрын 3 хувийг эзэлдэг бөгөөд хамгийн түгээмэл шээс дамжуулах замын хорт хавдрын хоёрдугаарт ордог байна.

ЭМНЭЛЗҮЙН ШИНЖ ТЭМДЭГ НЬ ДАРААХ БАЙДЛААР ИЛЭРДЭГ

Өвдөлтийн хам шинжгүй гематури (цусаар шээх) өвчтөнүүдийн 85-90 хувьд илэрдэг. Дизури (шээс ялгаруулахад хүндрэлтэй байх ) нь урологийн эмчид хандах хоёр дахь том шалтгаан болдог.

Гэвч цустай шээх болон дизурийн шалтгаан байнгын илрэлгүй үе үе тохиолдох нь эмчид үзүүлэхгүй хавдар оношлогдолгүй удаж үе шат өнгөрөх үсэрхийлэл өгч ясны өвдөлт, бүсэлхийн өвдөлтийг үүсгэж улмаар ретроперитонеаль булчинд нэвчин ургаж, улмаар шээс дамжуулах замын саад бөглөрөл үүсгэн бөөрний усжилт архаг шээс дамжуулах доод замын бөглөрөл үүсгэсэн үедээ л оношлогдох харамсалтай тохиолдлууд оношлогдож байна.

Давсгийн хорт хавдрын сэжигтэй бүх өвчтөнд өндөр өртөгт оношилгоо заавал хийх шаардлага үүсдэг тул оношилгоо хийхэд маш их хүлээгдэл бухимдал үүсгэдэг.

Шээсэнд шалтгаан тодорхойгүй шинэ цус бүхий гематуритай өвчтөнд UC-ийн оношлогдох магадлал ойролцоогоор 12 хувь байдаг. Цустай шээх хам шинжийг цус, шээсний шинжилгээ, хэвлийн тодосгогчой КТ, цистоскопи заавал хийнэ.

ДАВСГИЙН ХОРТ ХАВДРААР ӨВЧЛӨГСДИЙН 60 ХУВЬ НЬ ТАМХИ ТАТДАГ

Этиопатогенезийн нарийн механизм нь тогтоогдоогүй боловч хүрээлэн буй орчин ялангуяа сүүлийн жилүүдэд агаарын бохирдол, удамшлын хүчин зүйлсийн харилцан үйлчлэлтэй байх магадлалтай гэж үздэг. Ихэнх хавдруудаас ялгаатай нь давсгийн хорт хавдраар өвчлөх эрсдэл удамшлаас хамааралгүй байдаг.

Анх оношлогдож байгаа хавдруудын дундаж нас нь 65 нас бөгөөд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү өвчилдөг. Давсгийн хорт хавдрыг шалтгаанд мөн тамхичдад хамгийн хүчтэй эрсдэлт хүчин зүйл бөгөөд нийт тохиолдлын 60 хувьд тохиолдоно. Гэвч заримдаа мэргэжлийн шалтгаан ихэвчлэн химийн болон нэхмэлийн үйлдвэрийн ажилчдад давсгийн хорт хавдар үүсэх магадлалтай судалгаанууд байдаг. Мөн цацраг туяанд өртөх нь хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг боловч архаг халдварын эрсдэлээс бага байдаг.

М.Эрдэнэсайхан эмч илтгэлийнхээ төгсгөлд “Бөөр шээс дамжуулах замын хавдрын эрт илрүүлэгт анхаарах гол шинж тэмдэг бол өвдөлтгүй цустай шээх хам шинж бөгөөд дээрх шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийг хянаж оношлон шийдвэрлэхэд хоёрдугаар шатлал, хөдөө орон нутгийн урологи эмч нар анхаарч ажиллах шаардлагатай байна. Шээс дамжуулах замын хавдрыг эрт илрүүлснээр өвчин бүрэн эдгэрэх боломжтой” гэсэн юм.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу