Дэлхийн төлөв байдал, нүүрлэж буй гол аюулыг тогтоох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөхөд шинжлэх ухааны суурь мэдээлэл бүрдүүлэх зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг (ZSL) болон дэлхийн 100 гаруй шилдэг эрдэмтэд, мэргэжлийн байгууллагууд хамтарч “Амьд ертөнцийн тайлан”-г хоёр жил тутам эрхлэн гаргаад даруй 20 гаруй жил өнгөрчээ.               

Амьд ертөнцийн индекс нь манай гаригийн биологийн олон янз байдлын төлөв, эрүүл мэндийг нь илтгэдэг үзүүлэлт юм. Энэ индекс анх 1998 онд хэвлэгдсэн бөгөөд сүүлийн 20 гаруй жилийн турш энэ үзүүлэлтээр дэлхий даяар олон мянган хөхтөн амьтан, шувуу, загас, хоёр нутагтан, хэвлээр явагчдын тоо толгойг тогтоож ирлээ. Үүнийг тооцохдоо 1970 оноос хойш дор хаяж хоёр жил ажиглалт, бүртгэл хийсэн зүйлүүдийн өгөгдлийг  ашигладаг. Одоогоор хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загасны 21,000 гаруй популяцид гарч буй өөрчлөлтийг тандах боломжийг бидэнд олгоод байна.                  

Харамсалтай нь, дэлхий дээрх олон төрлийн амьд организм, тэдгээрийн тоо толгой хурдан цөөрч, зарим нь устаж байна. Жишээлбэл, зэрлэг амьтдын тоо толгой санаанд оромгүй их хэмжээгээр буурчээ. Тодруулбал, сүүлийн 50 жилийн хугацаанд (1970-2020 он) судлагдсан зэрлэг амьтдын тоо толгой гамшгийн хэмжээнд буюу 73%-иар буурчээ. Гэхдээ зөвхөн судлагдсан амьтдын тоо гэдгийг онцолъё. Учир нь, дэлхий дээр сайн судлагдаагүй, эмзэг байдалд орсон маш олон төрөл, зүйлийн амьтад байгаа билээ.         

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүгээс 2016 оноос хойш 4 цуврал тайланг Монгол Улсын төр засгийн байгууллага, эрдэмтэн судлаач, оюутан залуусын оролцоотойгоор олон нийтэд танилцуулаад байна.                

Энэ удаа “Амьд ертөнцийн тайлан-2024”-г  10 дугаар сарын  24-ний өдөр буюу “Уур амьсгалын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “Системийн гажуудал-Уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон талуудтай хамтран олон нийтэд танилцуулж байгаа юм.    

Эх дэлхийгээ аврах боломж                               

Дэлхийн гадаргын мөсөнд хучигдаагүй газрын 75 хувь нь аль хэдийн үлэмж хэмжээгээр хувирч өөрчлөгдсөн, ихэнх далайн ус бохирдсон бол ус намгархаг газрын талбайн 85 хувиас илүү нь устаж үгүй болжээ. Экосистемийн энэхүү сүйрэл доройтлын улмаас дараагийн зуун жилд нэг сая зүйл (500,000 зүйлийн амьтан, ургамал, 500,000 зүйлийн шавж) устаж мөхөх аюулд тулж ирээд байна. Хэрвээ бид байгалиа хамгаалж, нөхөн сэргээж байх юм бол үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.         

Олон арван жилийн турш хүн төрөлхтөн байгалийн нөөцийг өөрийнх нь нөхөн төлжих хурдаас илүү хурдтайгаар ашиглаж ирлээ. Өнөөгийн бидний амьдралын хэв маягаас үзвэл дэлхийн нөхөн сэргээж чадах хэмжээнээс даруй 1.6 дахин илүү хэмжээний эрэлт бий болоод байна. Жилээс жилд бид байгалиа доройтуулж, нөөцийг нь багасгаж байгаа нь хүн төрөлхтөн өөрийнхөө ирээдүйн амьдралын баталгааг бууруулж байгаа хэрэг юм.         

Байгаль дэлхийгээ сүйтгэсээр, биологийн олон янз байдал алдагдсан үед өөр олон асуудал үүсдэг болохыг бид одоо л ойлгож эхлээд байна. Сүүлийн жилүүдэд гамшигт үзэгдэл бүгд байгаль дэлхийд хүний сөрөг үйл ажиллагаагаар үүссэн хохирлын үр дүн байсан бөгөөд үүнтэй төстэй асуудлууд  илүү өндөр давтамжтай, илүү ноцтойгоор дахин гарч ирэхэд хүргэх аюултай билээ. Иймд, хэрвээ  бид өөрсдийгөө, оршин суугаа  эх дэлхийгээ аврахыг хүсч байгаа бол байгаль орчноо хамгаалах нь  хамгийн чухал гэдэг нь тодорхой болоод байна. Байгаль хамгаалах асуудал зөвхөн бидний хайрлаж, биширдэг гайхалтай амьтдын олон янз байдлыг хамгаалснаар хязгаарлагдахгүй. Энэ нь өргөн хүрээний томоохон асуудал юм. Тогтворгүй уур амьсгал, бохирдсон гол, ус, доройтсон газар, хоосон ой, биологийн олон янз байдал нь сүйдсэн гариг дээр бидэнд эрүүл, аз жаргалтай ирээдүй байх боломжгүй юм.

Ирэх хэдэн жилд бид цэвэр эрчим хүч болон хүрээлэн буй орчинд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар илүүдэл нүүрстөрөгч нийлүүлдэггүй нийгэмд шилжих хэрэгтэй боллоо. “Амьд ертөнцийн тайлан” 2024-д дараах мэдээлэлд анхаарал хандуулахыг онцолжээ.    

Нэгдүгээрт, 2030 он гэхэд бид сэргээгдэх эрчим хүчийг гурав дахин, эрчим хүчний үр ашгийг хоёр дахин нэмэгдүүлж, хөнгөн даацын автомашины 20–40%-ийг цахилгаан автомашинаар сольж, эрчим хүчний сүлжээгээ шинэчлэх шаардлагатай.

Хоёрдугаарт, Дэлхий дээр амьдрахад тохиромжтой нийт газрын 40%-ийг (~4.2 тэрбум га) хүн төрөлхтнийг хоол хүнсээр хангахад ашиглаж байна. ХАА-н бүх эдэлбэр газрын ~82% нь бэлчээр, малын тэжээл тариалахад ашиглагдаж байна.

Гуравдугаарт, Дэлхийн хэмжээнд байгальд сөрөг санхүүжилтийн одоогийн хэмжээ ~7$ их наяд.

Дөрөвдүгээрт, Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, экосистемийн доройтлыг улам хурцатгаж буй хувийн санхүүжилт, татварын хөнгөлөлт, татаас зэрэг нь жил бүр  ойролцоогоор 7 их наяд ам,доллар буюу дэлхийн хэмжээний ДНБ-ий 7%-тай тэнцэж байна.

Тавдугаарт, Байгаль орчны хямрал гүнзгийрч байгаа энэ үед дэлхийн хэмжээний зорилтуудыг уялдуулах нь урьд өмнөхөөсөө илүү чухал болж байна. Хамтдаа бид амжилтад хүрэх ёстой. Бид нэг амьд гаригтай бөгөөд бүхнийг зөв болгох ганц л боломж бидэнд байна.

Түүнчлэн Биологийн олон янз байдлыг тэтгэх “байгальд ээлтэй шийдлүүдэд” хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийг удаашруулах, түүний үр дагавраас хүн, зэрлэг амьтдыг хамгаалахад идэвхтэй оролцох. Жишээлбэл, илүү олон мод тарьж хөрсний чанарыг сайжруулснаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд дэм болох учиртай.

Хүн, байгаль хоёр одоо ба ирээдүйд зэрэгцэн оршихын тулд бидэнд хүчирхэг экосистемтэй эрүүл дэлхий хэрэгтэй билээ.  

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу