Монголын анхны сүмогийн бөхчүүдийг төрүүлсэн Оота Такэо буюу Оошима ояката 77 насандаа чихрийн шижин өвчний улмаас өчигдөр таалал төгсжээ.  Монгол сүмочдын анхны алхмыг хийлгэж, зааж сургасан түүнд Кёкүшюүзан Батбаяр эмгэнэл илэрхийлснийг хүргэж байна.

Тэрбээр, “Хамгийн хайртай эрхэм хүнээ алдана гэдэг үр хүүхэд, ойр дотны ах дүү, анд нөхөд, болон шавь тамирчид бидэнд юутай их гарз, уй гашууг авчирдагийг үгээр хэлэхэд бэрх байна. Гэвч ахин төрлийг олохоор бурхны орныг зорьж буй хайрт БАГШИЙНХАА араас харамсан гашуудах биш, харин түүний энэ насных нь туулж өнгөрүүлсэн, тэмцэж бүтээсэн амьдралын түүхийг бид бахархан дурсах учиртай. Монгол сүмочдыг Оозүмо буюу Мэргэжлийн сүмод анхлан хөл тавихад маш том үүрэг гүйцэтгэхээс гадна мөн өөрөө мэргэжлийн сумо бөхд барилдаж байхдаа Озэки цолонд хүрч байсан, Оота Такэо багш 77 насандаа энэ оны 10 дугаар сарын 22-нд тэнгэрт дэвшлээ. Тэрбээр Оошима Ояаката нэртэйгээр Японы сүмогийн холбоонд ажиллаж байхдаа 1992 онд Кёкүшюүзан Батбаяр, Кёкүтэнхо Н.Цэвэгням нарын 6 монгол залууг анх сүмод барилдуулах замыг зааж, туршлагажуулж, Монгол Японы хооронд маш том гүүрний тулгуур багана болсон эрхэм хүмүүн юм. Яг л түүний татсан энэ замаар олон монгол залуус сүмогийн ертөнцөд алдар нэрэнд хүрч олон сайхан аварга цолтон төрөн гарч арлын Япон улсад Монгол залуус тодрон гялтгасан юм. Угтаа Монгол түмэн сумо бөхийг танин мэдэж, сонирхон харах тэр агуу том соёл түүхийг бидэнд нээж өгсөн агуу хүмүүн билээ. Тэрээр их багш Ошима маань Сумо хэмээх том соёл, их спортын том томруун хэсэг нь байж 2012 оны дөрөвдүгээр сард тэтгэвэрт гарч, дэвжээгээ залгамжлах эрхийг Н.Цэвэгням Кёкүтэнход уламжлуулсан юм. Багш минь туйлын хөдөлмөрч, үнэнч шудрага, тууштай, зарчимч хүн байсан бөгөөд бидэнд сумо бөхийн хажуугаар амьдралын маань замыг хүртэл гэрэлтүүлж чиглүүлж өгсөн эрхэм нэгэн юм. Та минь олон сайхан шавь нарынхаа хичээл зүтгэл мөн түмэн олондоо хүндлэгдсэн сайхан тамирчид олоноор төрөн гарахыг тэнгэр дээрээс үзэн бахархан хараарай багшаа. Таны минь эргэн төрөx зам мөр элдэв саадгүй дардан байx болтугай. Ум сайн амгалан оршиг. Монгол улсын гавьяат тамирчин Д.КЁКҮШЮЗАН БАТБАЯР” гэжээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу