Нийслэлийн хэмжээнд 9000 гаруй гүний худаг үйл ажиллагаа явуулдаг. Гэр хорооллын иргэд ухаалаг худгаар үйлчлүүлээд багагүй хугацааг өнгөрөөж байна. Харин автомат худгаар үйлчлүүлдэг иргэдэд тулгамддаг нэг асуудал нь картын цэнэглэлт байдаг. Иргэд өөрт ойр байрлах карт цэнэглэх хэсэг болон гар утсаараа дамжуулан цэнэглэлт хийхдээ буруу цэнэглэснээс үүдэн хохирох тохиолдол цөөнгүй.  
Энэ удаад карт цэнэглэх үйлчилгээг илүү хялбар болгохоор УСУГ ээлжит төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэ талаар  УСУГ-ын харьяа Шугамаар ус хангах албаны тооцооны нягтлан бодогч Р.Маамаахүү дараах тайлбарыг хэлсэн юм.
Тэрбээр, “Энэ удаагийн төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр иргэдэд тулгардаг асуудлыг бүрэн шийднэ. Усны карт цэнэглэх маш олон сонголтуудыг бүхий гар утасны аппликейшн хийж байна. Тухайн апп-аар дамжуулан хэрэглэгчид бүртгэлтэй утасны дугаараа ус түгээх байрны төхөөрөмжид оруулаад усаа авах боломжтой. Мөн гар утсаараа ус түгээх байрны цэнэглэлтийг хийх гэх мэт олон сонголт, боломжууд бий болж байгаа” гэлээ.
Ухаалаг худгаар үйлчлүүлдэг иргэдэд хялбар аргаар картын цэнэглэлт хийх боломж ийнхүү нэгээр нэмэгдэж байгаа аж. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу