Улсын их дэлгүүрийн баруун хаалганы хажууд “Цаг засвар” гэсэн хаягтай булан бий. Энэ жижигхэн хэсэгт ирэх үйлчлүүлэгчийн хөл үл тасрах аж. Лангууны цаана цагаан халаадтай, шавилхан биетэй бүсгүй хүн бүртэй эелдэг харьцаж, цагийг нь засаж буй харагдана. Түүнийг Сайнжаргалын Анхчимэг гэдэг. Тэр ээжийнхээ цагчин мэргэжлийг өвлөн авч яваагаар зогсохгүй хүүдээ ч уламжлан үлдээжээ. 

Түүний ээж 50 жил цаг засаж буй Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилчин С.Оюунчимэг юм. С.Анхчимэг дөрөвдүгээр ангиасаа ээжийнхээ ажилд тусалж эхэлжээ. Улмаар гүн сонирхож, мэргэжлийн өндөр түвшинд сурахаар цагны эх орон Швейцар улсыг зорьсон байна. Тэндээ таван жил сурч, төгсөөд ажиллаж байсан ч ээжийнхээ санал болгосноор эх орондоо ирээд буй нь энэ юм. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна. 

-Мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байна?

-Монгол, Швейцарт нийт 20 орчим жил ажиллаж байна.

-Монголчууд цагчин мэргэжлийг эзэмшихийн тулд тэр бүр гадагшаа очиж сураад байдаггүй. Ийм мэргэжилтэй хүн ч манай улсад ховор. Та яагаад цагчин болохоор шийдсэн бэ. Таны ээж насаараа цагчин хийсэн, үйлчилгээний гавьяат ажилтан хүн. Багаасаа ээжийнхээ ажлыг харж өссөнтэй холбоотой юу?

-Тийм ээ. Ээж маань 1976 онд ОХУ-д сургууль төгсөж ирээд, түүнээс хойш 50 жил цаг засаж байна. Улсын их дэлгүүрт ажиллаад 25 жил болсон, үйлчилгээний гавьяат ажилчин С.Оюунчимэг гэж хүн бий. Би дөрөвдүгээр ангиасаа хойш ээжийгээ дагаж цагчин хийсэн. Ажилд нь хамт явж сурсаар сүүлдээ энэ мэргэжилдээ дуртай болоод, сонгосон юм. Хүмүүс “Ээжийгээ дагаад цагчин болох гэж байгаа юм уу” гэхэд “Тийм ээ, би цагчин болно” гэж багадаа ярьдаг байлаа.

2011 онд Швейцар улс руу явж энэ мэргэжлийг эзэмшихээр шийдсэн юм. Цаг бол нэг хэмжээнд байхгүйгээр жил ирэх тусам олон төрөл болж, өөрчлөгдөж байна. Тийм учраас энэ мэргэжлийг цааш нь лавшруулж сурах хэрэгтэй юм байна гэж бодоод цагны орон Швейцар руу явсан.

Ээжийгээ дагаж сурсан болохоор олон багаж, хэрэгсэл ашиглаж сураагүй байсан. Отверка гэх мэт жижиг багажуудаар л анх сурсан юм. Гэтэл Швейцарт очтол маш цэвэрхэн, багаж хэрэгсэлтэй байсан. Төхөөрөмж, заах арга барил нь хүртэл тэс өөр байдаг юм билээ. 

Цагчин гэхээр Монголд жижиг зай сольдог хүмүүс байдаг шиг санагддаг. Энэ мэргэжил бол цагийг нэг бүрчлэн задалж, угаагаад, буцааж угсардаг ажил. Зөвхөн зай сольдог, оосор хийдэг ажил биш. Швейцар улсад механик цагийг бүрэн задлаад, буцаагаад угсрахыг таван жил сураад ирсэн гэсэн үг. 

-Монголд хэзээ ирэв?

Зуны амралтаараа Монголд ирээд, ээждээ тусалж, сар орчим ажиллачихаад буцдаг байсан. Ээж маань өндөр наслаад, саяхан намайг ирж ажиллах хүсэлт тавьсан учраас би тэнд байгаа ажлаа орхиод эх орондоо ирсэн. Зургаадугаар сараас хойш ажиллаж байна. 

-Ярилцахаар хүлээх хооронд ажиглалаа. Үйлчлүүлэгчийн хөл тасардаггүй юм шиг байна. Хүмүүс ямархуу хандлагатай байдаг вэ?

-Ер нь л хүн ихтэй байдаг юм. “Ээжийг чинь байхгүй болохоор цагаа хэнд үзүүлэх вэ гэж санаа зовж байлаа. Ашгүй дараагийнх нь үе гараад иржээ” гээд баярлаж байгаа хүн маш их байна. 

-20 гаруй жил цагчин хийж байна гэлээ. Юунаас урам зориг авч энэ олон жил ажиллаж байна?

Хүний үнэтэй, уламжлагдаж ирсэн цагийг засаад, тэр хүн баярлаж байгаа нь надад маш их урам зориг өгдөг. Цагийг угсраад дууссаны дараа чаг чаг гээд ажиллахаар “Энэ цаг сайхан боллоо доо” гэж бодож, сэтгэл огшоод өөдрөг болдог. 

-Хүү нь бас цагчин гэсэн байх аа?

-Тийм ээ. Би хоёр хүүхэдтэй. Том хүү маань одоо 24 настай. Швейцарт цагчин мэргэжил эзэмшээд, тэндээ цагны үйлдвэрт гурав дахь жилдээ ажиллаж байна. Дараагийн үе минь бас цагчин болсон гэсэн үг. Хөгшрөхөд минь ажлыг маань үргэлжлүүлээд хийх хүнтэй болж байгаа болохоор их баяртай байна. Ээж маань ч гэсэн миний хүүг цагчин болно гэхэд маш их баярласан. 

-Цаашдын хийхээр зорьсон ажил юу байгаа вэ. Гаднын улсад эзэмшээд ирсэн ховор мэргэжлийнхээ мэдлэг чадварыг эх орондоо шингээж, олон хүнд зааж, сургах талаар боддог уу?

-Цаг гэдэг хүний байнгын хэрэглээ учраас ирээдүйд байсаар байна. Тиймээс энэ мэргэжлийг алга болгохгүй, үргэлжлүүлэх ёстой. Энэ үүднээс би цаашдаа цагчин мэргэжлийн үнэмлэх олгох хэмжээний сургалтын төв байгуулахыг зорьж байгаа. 

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. 

Дэлгэрэнгүйг видео хэлбэрээр үзнэ үү. 

                   

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу