“Зүүдэн бороо”, “Насны намар”, “Ээжийн чанасан цай”, “Хилийн заставын Хар нүдэн бүсгүй”, “Сүүн далай ээж”, “Зүрхний уяа” зэрэг ард түмний сэтгэлд хоногшиж, тив дамнан дуулагдсаар ирсэн сор их бүтээлүүдийн эзэн МУУГЗ, хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржавтай ярилцсаныг хүргэж байна.Түүний гэрийн хаягийг заалгаж аваад их үдийн алдад бид очлоо. Түүний гэргий Ж.Ганчимэг монгол өрмөөр хайлмаг хайлж, сүүтэй цайгаа самарсаар биднийг угтсан билээ.

Одоогоос 56 жилийн өмнө, хил даван нааш цааш давхилдах малын хулгайчид гаарсан цаг үе санж. Харин тэрхүү Тува нарыг чухам юу гэж ятгаж, аргадаж чадсаныг бүү мэд нэгэн эх хүүдээ хөгжим захисан гэдэг. Энгэртээ дээлийн өнгө барьсаар ирж, хойд нутгаас ганц өргөмөл хүүдээ “Баян хуур” хөгжим авч ирж өгөхийг гуйж гэнэ. Тэр захиас ч биелж хар цагаан даруултай, гоёмсог хөгжим бяцхан хүүгийн гарт иржээ. Чухам түүн дээр дуугарсан хөг, эгшиг бүр өнөөдөр найр, хуримын хойморт, сэтгэл зүрхний гүнд эгшиглэсээр л байна.

Тэгээд арван таван насандаа хорвоогийн тансаг сайхныг зүрхэнд нь эгшиглүүлсэн ээждээ зориулан анхны дууныхаа аялгууг зохиосон байна.

“Наран гэрлийн илчтэй Саран гоо ээжийн минь

Дэлгэр сайхан хараагаараа Дэлхий ертөнц мишээж байна

Бүүвэйн сайхан дуугаараа Бүх дэлхийг уяраасан

Чин ариун сэтгэлтэй Сүүн далай ээжий минь”

Энэхүү аялгуу өдгөө ч бидний чихэнд, зүрхэнд ойрхон эгшиглэсээр буй. Чухам тэртээ олон жилийн өмнөөс дуулагдсаар ирсэн ганц дуу бус найр, хуримын хойморт дуулагдах олон гайхалтай аялгууг тэр бүтээсэн. Тэр бүгд чухам юмсыг ажиглах, мэдрэх, чагнахаас л үүдэлтэй биз ээ. “Ээжийн хайр энгийн, намуухан эгшигтэй зүйл байж таарна” хэмээн ярих түүний туулж ирсэн амьдралыг гадарлах нэг нь гадарлах биз ээ. Энэ удаад түүний өнгөрүүлсэн амьдралын өнгийг төдийлөн дөвийлгөхийг зорьсонгүй, ээжийнх нь тухай асуултаар бидний яриа эхэлсэн юм.

Таны анхны зохиосон ая ээжийн дууных. Бүх л зүйл тань эхийн хайраас эхлэлтэй гэж ойлгож болох нь. Ээжийнхээ тухай ярьж болох уу. 

-Тэгэлгүй яах вэ. Болно. Миний ээж Увс аймгийн Тэс сумын уугуул хүн. Би ээждээ нэг настайдаа ирж байлаа. Хүүхэдгүй айлд ирсэн өргөмөл хүүхэд юм л даа.

Ээждээ хайргүй хүн гэж байхгүй л байх. Гэхдээ би өөрийгөө арай илүү хайртай гэж боддог юм. \инээв\ Эхийнхээ ачийг хариулна гэж олон хүн ярьдаг байх. Харин би багахан ч хамаагүй хариулсан болов уу. Ая, эгшиг, дуугаар сэтгэлээ илэрхийлэхэд илүү амар байдаг шиг санагддаг. Тиймдээ ч ээжийн тухай олон сайхан шүлэгт ая хийсэн. Анх “Сүүн далай ээж”, сүүлд гэхэд бараг “ээжийн чанасан цай” болж байна уу даа. Дэлхийн уран бүтээлчдийг судлахад ихэвчлэн л ээжийн дуугаар эхэлсэн байх. Яах вэ, зарим нь хайр сэтгэл, нутаг ус гээд эхэлдэг байх.

Ингэж ярьж дуусмагц Б.Магсаржав гуай гэнэт босож дэргэдээ байх төгөлдөр хуурын даруулыг хэдэндээ дарж, ямар нэгэн ая хэсэгхэн тоглоод буцаж суув. “Онгод оо оруулж байгаа хэрэг үү” гэвэл, “Яах вэ, хааяа ингэмээр болдог юм. Амар шүү дээ” гэж хариулаад эргэн суулаа.

Ээжийн тухай дуу шүлэг, аялгуу бүхэн тансаг байдаг. Энэ бүхэн таны хаанаас гараад байна вэ?

-Өгөгдөл гэж юм байх шиг байна. Эцэг, эхээс надад авьяас гэж нэг зүйлийг өгсөн байна, тэр нь түлхүү хөгжсөн гэх юм уу. Түүн дээр суурилаад л хөгжүүлсэн гэх юм уу даа. Ая яагаад гардаг вэ гэж асууж байна. Тэр бол мэдрэмж байдаг юм. Хөгжмийн зохиолчид юугаараа ялгардаг вэ гэхээр аймар мэдрэмжтэй байдаг юм шүү дээ. Чухамдаа та нарт ч мөн мэдрэмж байгаа, хөгжүүлээгүй л болохоос. Дотроо бодоод л явдаг байх, ээждээ маш их хартай юм сан. Гэвч яаж илэрхийлэхээ мэддэггүй ч юм уу.

Миний хувьд бол сайхан хөгжим дээр суух мөчид ээжийн хайр яг ийм л байх болов уу гэсэн эрэл хайгуул эхэлдэг. Мэдээж ээжийн хайр уянгын, энгийн байх болов уу. Энэ мэтчилэн л доторх зүйлээ гаргаж чаддаг хүмүүс л хөгжмийн зохиолчид байдаг болов уу.

Танд мэдээж авьяас заяаж. Түүнээс цааших боловсруулалт нь хэрхэн өрнөсөн юм бэ. Боловсрол эзэмшсэн тухайгаа та яриач.

-Хөгжмийн боловсрол ер нь бүр багаасаа эхэлсэн юм. Анх хөгжмийн боловсролын суурийг тавьсан хүн бол миний ээж. Ээж маань тэгэхээр анхны багш болно.  Анх дөрвөн настайгаасаа эхлээд л энэ хөгжмөө тоглосон. Өдгөө  жил өвөр түрийндээ орж хамт явна. Тэр хугацаанд олон ч ард түмний хайртай дууг зохиолоо доо. Анх хөгжмийн сургуульд 15 настайдаа ирж байлаа, Багшийн сургуульд. Олон мундаг багш нартай, олон ч гайхалтай хүмүүс төрсөн сургууль. Хамгийн түрүүнд өөрийгөө зохиолч болох юм байна гэж мэдэрч байлаа. Арга ч үгүй биз, тийм том багш нартай юм чинь. Тэгээд зохиолч болох хүсэл маань ч бадраад, нөгөөтээгүүр ээжийгээ ч санаад анх “Сүүн далай ээж”-ийгээ зохиосон юм.

Тухайн үед бараг цочоож байсан юм шүү дээ. 15 хан настай, нот мэдэхгүй. Энэ ер нь ямар амьтан ороод ирэв гээд.

Таны дуунууд өнөөдөр монголын өнцөг булан бүрд л эгшиглэж байна. Тэдгээрийг өөрөө зохиосон хэр нь үргэлжлүүлэн бусдыг сэтгэлээ дэвсэн сонсож байгааг мэдрэх танд ямар санагддаг вэ?

-Өнөөдөр их олон дуу хит болжээ. Ард түмэн миний дууг дуулаад л, аялаад л зөрөх хамгийн том шагнал юм шүү дээ. Тэнд ч “Хил ийн заставын Хар нүдэн бүсгүй” гэж дуулаад л, энд ч “Халин, халин нисээд ирсэн шувуу” гээд л найр хурим эхэлж байх шиг сайхан юм хаа байхав. Тэр ч утгаараа ард түмэндээ их хайртай болчихдог юм. Жишээ нь чиний хүүхдийг өөр хэн нэгэн өхөөрдөн хайрлаж байвал чамд таатай шүү дээ. Түүнтэй л адил төрсөн хүүхдээс ялгаагүй байдаг юм, дуунууд минь. Ард түмэн бүгд л над руу хайрын харцаар харах шиг сайхан даа. Урлагийн нэг сайхан зүйл нь энэ

Яг эгшиг, аялгуу төрөх мөчид та энгийнээсээ тэс өөр болдог уу. Зохиолчид ч юм уу, уран бүтээлчид ихэвчлэн онгод гэж ярьдаг. Таны онгод хаанаас яаж ирдэг юм бэ?

-Яг бүтээх бол их сонин шүү дээ. Тэр бүтээж байгаа орчинд бол бараг л хагас солиорлын байдалд ордог. Гарч байгаа хөгжмийнхөө хэмнэлээр сэтгэл санаа, бие махбод янз янз болдог юм. Түүнийг л онгод гээд байгаа байх. Тэгж солиорч байж, өөрийгөө чагнаж байж л сайн юм төрөх байх. Тиймдээ ч ард түмний хайртай аялгууг бүтээх их хэцүү. Бод л д оо. Хэдэн сая хүн, тив алгасаад ч дуулж байгаа дуунууд бий. Тэр дууг тэр бүх хүнд таалагдтал бичнэ гэдэг л их том даваа. Тэр болгон мөрөөдөөд, биелээд байдаг ч зүйл биш. Гэхдээ монгол түмэн дуу хуурд их сайхан элэгтэй юм.  Түрүүн хэллээ, зураачид, уран бүтээлчид чинь ер нь их сонин улс шүү. Ер нь их зовлонтой. Зовлон их шүү.

Ард түмний хайртай дуу их олон бий танд. Гэтэл нөгөө талд та өөрийнхөө аль дуунд илүү дуртай вэ?

-Анхных болоод ч тэр үү “Сүүн далай ээж”-д л их хайртай. Цаашид уран бүтээл туурвих жигүүр ургуулсан. Ээжийгээ анх баярлуулсан дуу гэж боддог. Ээжийн ачийг хариулж бардаггүй л гэж хүмүүс ярьдаг. Гэвч би жаахан ч болов энэ дуугаараа хариулсан болов уу гэж санадаг. Ээждээ зориулж тэр аялгууг биччихээд нэг л их том хөөр баяр болж байсан даа.

Заавал Б.Магсаржавын хөгжим гэхгүй ч гэсэн ардын дуу шиг аялагдаад явж байгаа нь надад сайхан санагддаг. Зарлаж, зарлуулахдаа ч биш он удаан жил шинэчлэгдэн дуулагдахдаа л байгаа юм. “Сүүн далай ээж” дуун дээр би нэг зүйлд бас баярладаг юм. Б.Аззаяа гээд жаахан охин дуулж гарч ирлээ шүү  дээ. Анх бол Ардын жүжигчин Зангад гуайгаас эхлээд л олон хүн дуулсан юм. Тэгтэл нэг өдөр 15 настай нэг жаахан охин эмээгээ дагуулчихсан, надад хадаг бариад энэхүү дуугаа дуулахыг зөвшөөрөөч гэж ирж байсан юм. Би ч дуртай зөвшөөрсөн.

Миний 15 настай бичсэн аялгууны сэтгэл хөдлөл, дуулсан охины сэтгэл хөдлөл яг таарч байгаа юм шүү дээ. Тэгээд ч ард түмэн их гоё хүлээж авлаа шүү дээ.

Та одоо 60 настай. Аялгуу зохиосоор л байна. Уран бүтээлч хүн ер нь хэзээ ханадаг юм бэ?

-Энэ ер нь ханадаггүй л юм л даа. Амьд л байгаа нөхцөлд хүний сэтгэл яаж л бол яаж хөдөлнө шүү дээ. Сэтгэл, мэдрэмжээс гардаг зүйл учраас хэзээ ч, ямар ч нөхцөлд салахгүй дээ.

Миний хувьд хөгжмийн зохиолоор бараг мэргэшсэн гэх юм уу. Ард түмэн тэгж ярьдаг юм. Энэ юуных вэ гэхээр, олон дуучинтай тулж ажилласных юм. Жишээ нь бүр анх жаахан байхдаа Баян хуур хөгжмөө аваад ээжийгээ дагаад айлын найраар их явдаг байсан байгаа юм. Найрт янз бүрийн хоолойтой хүмүүс бий, тэр бүгдэд тааруулж тоглоно гэдэг маш том сургууль.

Увс аймгийн Тэс суманд айл болгон Баян хуур хөгжимтэй, айл бүр “гэрийн концерттой” байлаа шүү дээ миний багад. Тэднийд өнөөдөр тийм дуу сонсъё, тэнд ийм концерт болно гэдэг байсан. Жишээ нь, Ардын дууны Бурмаагийн аав Даваагийнх гэж айл. Мөн гэрийн концерттой, Баян хууртай мундаг айл. Энэ мэтчилэн л их том сургууль явагддаг байж, тийм дээ ч олон мундаг хүмүүс төрсөн байгаа юм.

Бид ийнхүү ярилцаад айлын гэрийн эзэгтэйн хоолонд хэсэг саатлаа. Түүний гэргий МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Жалбуугийн Ганчимэг. Тэдний залуу хосууд шиг инээд хөөр, аз жаргал дүүрэн байгааг анзаарсан тухайгаа асуувал Маагаа ах, “50 гараад амьдрал эхлүүлж болдог л юм байна. Өөрийгөө умартсан цаг үе надад байсан. Гэхдээ би алдсан гэж бодохгүй байна. Өдөр бүр залуу хосууд шиг байна. Сэтгэл санаа ч дагаад залуу болсон шиг санагдах болоод байна даа” хэмээн хариулсан юм.

Ингээд нэгэн гэрийн дээвэр дор яруу найрагч, хөгжмийн зохиолч хоёр амьдран суугаад таван жил гаруй болжээ. Энэ хугацаандаа тэд зүгээр суугаагүй бөгөөд хоёр ч хамтарсан уран бүтээлийн ном хэвлүүлсэн байна. “Уран бүтээлч, багш, соён гэгээрүүлэгч хүний хажууд зүгээр суугаад байж болохгүй. Бүтээл туурвилыг нь мөнхжүүлэх юмсан гэж бодсоор ийнхүү хоёр дахь номоо өлгийдөөд байна” хэмээн түүний гэргий ярина.

Шинэхэн мэндэлсэн “Нар хасын дуун” ном нь ард түмний хайртай нийт 44 дуунаас бүтсэн бөгөөд төгөлдөр хуурын дарамжтай, QR кодоор уншигддаг аялгуутай, кирилл болон монгол бичгээр хэвлэгдсэн, номын нэрээр нэрлэгдсэн дуутай өвөрмөц ном байх аж. “Ард түмэн миний дууг гадуур буруу дуулах нь цөөнгүй болж. Караокед жишээ нь бүр тэс худлаа өнгө, аялгуутай явж байх жишээтэй. Тийм учраас энэхүү номд үнэн зөвөөр нь аялгууг нь буулгасан юм. Арай эрт хэвлүүлдэг байж дээ ч гэж бодож байна” хэмээн Маагаа ах өөрийгөө буруутгах мэт зөөлөн ярина.

Энэхүү номын нээлт өнөөдөр (2024.10.28) Интэр ном их дэлгүүрт болох бөгөөд мөн өнөөдрөөс худалдаанд гарч байгаа аж.

Ийнхүү нэгээхэн зуурт бид ярилцаад өндөрлөсөн билээ. Ард түмний зүрхэнд шингэсэн олон сайхан аялгууны зохиогч “Маагаа” ах түмэн олныхоо л нэгэн адилаар амар тайван, аж жаргалтайгаар амьдарч, баян хуураараа тоглож явна.

“Маагаа хөгжимтэйгөө явж байвал оруул, хөгжимгүй бол хэрэггүй” гэх явган шог ч гарсан гэдэг. Үнэхээр л ээжийнх нь дээлийн торго өгч захисан Баян хуур хөгжимөөр өнөөдөр мянган дуу зохиож түмний сэтгэлд шингээсэн байна. Энэхүү хөгжмөө гартаа барин нүдээ анихад л ээжийн хайр түүний энгэрт төөнөдөг биз ээ.

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу