ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл Хөтөлийн Цемент Шохой ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатартай холбоотой асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн 30 орчим ажилчин ирж, надтай болон холбогдох албаныхантай уулзсан. Тэдний тавьж байгаа шаардлагуудыг сонслоо. Шаардлагыг нь харахад,

  • Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийг хуралдуулах,
  • Үр дүнд суурилсан урамшууллын системтэй болно гэж Л.Наранбаатар захирал амлаж байсан. Гэтэл өнөөдөр ажилчдын цалин, урамшууллын асуудал мөрдөгдөхгүй байна. Үүнийг мөрдүүлэх,
  • Үндэсний аудитын газраас Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт шалгалт хийсэн. Энэ шалгалтын дүгнэлт сөрөг гарчихаад байхад Л.Наранбаатарт хариуцлага тооцох,
  • Үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж байна. Л.Наранбаатар энэ үйлдвэрийг удирдаж чадахгүй байна. Тийм учраас сайн менежер тавих хэрэгтэй гэсэн байна.

Ингээд бид ТУЗ-ийг хуралдуулах шийдвэр гаргаж, ТӨБЗГ-ын хуулийн хэлтсийн дарга н.Дэлгэрмаагаар ахлуулсан хуулийн хэлтсийн шуурхай ажлын хэсгийг өнөөдөр өглөө 04:00 цагт Хөтөл рүү явуулсан.  Би удахгүй араас нь очиж шалгалт хийнэ. 

Л.Наранбаатарын тухайд үйлдвэр удирдаж байсан буюу төрд ажиллаж байсан туршлага хомс. Гэсэн ч залуу хүн гээд итгэл хүлээлгээд эрч хүчтэй ажиллах байх гэж харсан. 

Өмнө нь нэг удаа Л.Наранбаатарт сахилгын шийтгэл оногдуулсан. Энэ удаад аудитын сөрөг дүгнэлт гарсан байгаа нь энэ хүнийг ажлаас чөлөөлөх бүрэн үндэслэл болж байгаа юм.

Ер нь тухайн ажлын байр дээрээ байнга ажилладаг гүйцэтгэх захирал л бидэнд хэрэгтэй. Түүнээс биш алсын зайнаас үйлдвэрийг удирдаж болохгүй. Архи уугаад хэд хоног алга болчихдог удирдлага надад хэрэггүй. Тийм учраас ойрын хугацаанд Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй холбоотой асуудлыг цэгцэлнэ” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу