Грекийн Хираклион хотод жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

Тус тэмцээнээс Монголын баг тамирчид одоогийн байдлаар хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртээд байгаа юм. Тодруулбал, эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд “Гаруда” академийн тамирчин Монголын шигшээ багийн ахлагч Г.Монголжин хэсгийн барилдаанд Израйл, Панам, Шведийн тамирчныг ээлж дараалан хожиж, хэсгийн аваргын төлөө Унгарын бөхөд ялагджээ. Улмаар хүрэл медалийн төлөө нутаг нэгт тамирчин Э.Шүрэнцэцэгтэй таарч ялснаар хүрэл медаль хүртлээ.

Ингэснээр түүний хувьд жюү жицүгийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын тав дахь тамирчин болов. Үүнээс өмнө 2015 онд М.Баярмаа, Ц.Батцэцэг, 2023 онд М.Сугар, Б.Хулан нар хүрэл медаль хүртсэн юм.

Түүнчлэн -57 кг-ын жинд Э.Шүрэнцэцэг, -56кг-ын жинд “Жамп” академийн тамирчин Н.Ганболд, -94 кг-ын жинд барилдсан “JET sharing”, Жимобайл компани тамирчин Г.Гантулга нар 5 дугаар байрт тус тус шалгарчээ.

Мөн контакт төрлийн эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд “Жамп” академийн тамирчин Б.Хонгорзул мөнгөн медалиар энгэрээ мялаав. 

Ташрамд, холимог багийн барилдаанд Монголын баг анх удаа хүрэл медалийн тавцанд зогслоо. Энэ төрөлд Израйлын баг түрүүлж, Герман мөнгө, Монгол, Франц хүрэл медаль хүртэв.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу