Гарчиг уншаад та “Яагаад” гэх асуулттайгаар бухимдангуй хандсан байж магадгүй. Гэхдээ үнэхээр л эрчим хүчний үнийг чөлөөлж, тариф нэмэхгүй бол энэ салбар дампуурахад тун ойрхон иржээ.
Тухайлбал, Дулааны гуравдугаар цахилгаан станц. Улаанбаатар хотын дулааны 45 хувийг, цахилгааны 30 хувийг хангадаг эл станц 1968 онд байгуулагдсан. Тэр цагаас хойш шинэчлэл хийгдээгүй, элэгдэж, муудсан тоног төхөөрөмжөөр “амь зууж” байна.
Мөн өнөөдрийн байдлаар 14.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, улмаар банкнаас зээл авч ажилчдынхаа цалинг тавьдаг болжээ.
–Тоног төхөөрөмжүүд бүгд ашиглалтын хугацаа нь дууссан учраас өнөө маргаашгүй тэсэрч, дэлбэрч болзошгүй байна–
Дулааны гуравдугаар цахилгаан станц 13 зуух, есөн турбингенератортай /цахилгаан үйлдвэрлэдэг машин/. Эдгээрийг дээд тал нь 35-40 жил ашиглах боломжтой ч 47-56 жил ажиллуулжээ. Иймээс хуучирч, муудаж, хүнээр бол хэзээ мөдгүй сөхөрч унахаар болсон байна.
Энэ талаар ДЦС-3 ТӨХК-ийн Дулааны цахилгаан станцын үйлдвэрлэлийн албаны дарга Л.Бөхболд “Олон жил болсон даавуу элэгдэж хуучраад өгөршдөг шиг металлын бат бөх чанар алдагддаг. Ингэж бат бөх чанар нь алдагдаж, цууралт гарсан хэсгийг гагнасаар ирлээ.
Тоног төхөөрөмжүүд бүгд ашиглалтын хугацаа нь дууссан учраас өнөө маргаашгүй тэсэрч дэлбэрч болзошгүй байна. Тиймээс ажилчдынхаа аюулгүй байдлыг бодоод энэ жил нэг турбингенератороо ашиглалтаас хассан. Бусад машинууд нь ч яг адил нөхцөл байдалтай байгаа” хэмээн ярилаа.
Нэг турбингенератор ашиглалтаас гарахад 25 мвт эрчим хүчний эх үүсвэр тасалддаг аж. Энэ нь хоёр аймгийг хангах хэмжээний эрчим хүч юм.
ДЦС-3 ТӨХК-ийн Ерөнхий инженер Н.Чимэддорж “Зуухыг 60 хоног, турбингенераторыг 45 хоног ажиллуулаад урсгал засвар хийх ёстой. Гэтэл бид өнгөрсөн өвөл 120 хоног тасралтгүй ажилласан. Өөрөөр хэлбэл, ямар ч бэлтгэл, тоноглолгүйгээр, өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна гэсэн үг. 2024-2025 оны өвөл ч яг энэ байдлаар ачаалалтай ажиллахаар байна.
Хэрэв манай цахилгаан станцад эрсдэл үүсвэл төвийн эрчим хүчний системд 14 мвт, Улаанбаатар хотын хэрэглэгчдийн 31 хувь нь цахилгаан, дулаангүй болно.
Цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд 6-7 хувиар тогтмол өсөж байна. Энэ өсөлтийг бид шинэ эх үүсвэргүйгээр хаах ямар ч боломжгүй. Магадгүй -30 градус хүйтэрч эрчим хүчинд доголдол үүсвэл бид хязгаарлалт хийхээс өөр аргагүй. Бид бүх чадлаараа хэрэглэгчдийг дулаан, цахилгаанаар хангахаар ажиллаж байгаа. Гэхдээ ийм байдлаар цааш үргэлжилбэл олон жил явахгүй” хэмээн хэллээ.
Дулааны гуравдугаар цахилгаан станц 2023 онд нийт 216 ажил хийхээр төлөвлөжээ. Гэвч төсөв мөнгөгүйн улмаас нэн шаардлагатай 37 ажлыг л хийж чадсан байна.
Тухайлбал, 220 тонн уур үйлдвэрлэдэг зуухыг 13.6 тэрбум төгрөгөөр засах шаардлагатай ч 5.9 тэрбум төгрөгөөр хэсэгчилсэн засвар хийсэн аж.
-Цахилгаан, дулаанаа өртгөөсөө хямд борлуулсаар ₮14.6 тэрбумын алдагдалд орсон-
Дулааны цахилгаан станц ийм байдалд хүрээд буйн нэг шалтгаан нь цахилгаан, дулааныг үйлдвэрлэж буй өртгөөсөө хямд борлуулдаг байдал.
Тодруулбал,
Нэг квт.цаг цахилгааныг 280 төгрөгөөр үйлдвэрлэдэг. Харин хэрэглэгчдэд 216 төгрөгөөр борлуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нэг квт.цаг тутамд 64 төгрөгийн алдагдалд орж байгаа юм.
Харин дулааны тухайд, нэг гкал дулааныг 24,683 төгрөгөөр үйлдвэрлэдэг ч хэрэглэгчдэд 7,215 төгрөгөөр зарж байна. Үндсэндээ, 17,468 төгрөгийн алдагдал үүрч байгаа гэсэн үг.
Энэ байдал удаан үргэлжилсээр Дулааны гуравдугаар цахилгаан станц өнөөдөр 14.6 тэрбум төгрөгийн алдагдалд оржээ.
Энэ талаар ДЦС-3 ТӨХК-ийн Ерөнхий инженер Н.Чимэддорж “Ийм их хэмжээний алдагдалтай ажиллаж байгаа учраас бид яагаад ч ашигтай ажиллах боломжгүй. Тиймээс их засвараа ч хийж чадахгүй нөхцөлд хүрээд байна” гэв.
-Хүний нөөцийн дутагдалд орсон. Залуучууд 1, 2 сар ажиллаад шантраад гарч байна-
Ажиллах нөхцөл хүнд, цалин багатай зэргээс үүдэж, энэ салбарт ажиллах хүн олдохоо больжээ. Дулааны гуравдугаар цахилгаан станцад гэхэд сард ойролцоогоор 200 орчим хүн ажлаас гарах өргөдлөө өгч буй аж.
ДЦС-3 ТӨХК-ийн Засвар, хяналтын албаны дарга Ц.Батмагнай “Дулааны цахилгаан станцад би 30 гаруй жил ажиллаж байна. Их сургууль төгссөн хүүхдүүд өмнө нь станцад орохыг хүсэж, зорьж ирж, тогтвор суурьшилтай ажилладаг байсан юм. Гэтэл сүүлийн үед ажиллах хүн олдохгүй байна. Залуучууд орж ирээд дээд тал нь 4, 5 жил болдог. Зарим нь 1, 2 сар ажиллаад, шантраад гарах тохиолдол маш их байна.
4, 5 жил ажилласан залуучууд станцад маш сайн дадлага хийж, мэргэжилдээ эзэн болж чадаж байна. Яг тэгээд эхэлж байтал цаанаас нь хүмүүс илүү боломж санал болгож байна. “Шинэ станц баригдаж байгаа, ажиллах нөхцөл нь илүү сайхан, цалин өндөр өгнө”, “Уул уурхайд ийм боломж байна” гээд татаад авчихаж байна. Ийм байдлаар өнөөдөр манай хүний нөөцөд эрсдэл үүсчихлээ. Бид нээлттэй ажлын байр маш олныг зарлаж байна. Гагнуурчин авна, засварчин авна, электроникийн инженер авна гэх байдлаар. Гэвч ирэх хүн ховор байна” хэмээн ярьж байлаа.
-ДЦС-3 ТӨХК банкнаас зээл авч, ажилчдынхаа цалинг тавьжээ-
ДЦС-3 ТӨХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Л.Оюун-Эрдэнэ “Манай станц оны эхнээс 21.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байсан ч есдүгээр сарын сүүлээр Засгийн газраас 12 тэрбум төгрөгийн татаас өгсөн. Ингэснээр манай компанийн алдагдал 14.6 тэрбум төгрөг болоод байна.
Бид ажилчдынхаа долоо, найм, есдүгээр сарын цалинг банкнаас тав хоногийн хугацаатай, хүүгүй нөхцөлтэйгээр төлөхөөр сард дунджаар 200 сая орчим төгрөгийг зээлж, цалингаа тавьж байсан” хэмээн ярилаа.
-Тариф нэмэхгүй бол эрчим хүчний салбар 2030 онд ₮3.6 их наядын алдагдалд орно–
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Б.Түвшинчулууны хэлж буйгаар, Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын нийт алдагдал 355 тэрбум төгрөгт хүрсэн байна. Улмаар 2024 оны төсвийн тодотголд татаас байдлаар 131 тэрбум төгрөгийг хуваарилснаар одоогоор 224 тэрбум төгрөгийн алдагдалтай үлджээ.
Хэрэв цахилгааны үнийг нэмэхгүйгээр цаашид ийм байдлаар үргэлжилбэл,
- 2025 онд 799 тэрбум,
- 2026 онд 1 их наяд 155 тэрбум,
- 2027 онд 1 их наяд 457 тэрбум,
- 2028 онд 2 их наяд 91 тэрбум,
- 2029 онд 2 их наяд 826 тэрбум
- 2030 онд 3 их наяд 657 тэрбум төгрөгийн алдагдал үүснэ гэж тооцоолсон байна.
Харин дулааны үнийн тухайд,
Нэг гкал дулааныг үйлдвэрлэх өртөг нь 62,960 төгрөг хэдий ч зах зээлд 33,862 төгрөгөөр борлуулж буй аж.
Иймээс аж ахуй, нэгж байгууллагын тарифыг арваннэгдүгээр сарын 1-нээс, айл өрхийн тарифыг 2025 оны зургаадугаар сарын 1-нээс нэмэхээр тооцоолжээ. Нэмэхдээ ямар нэгэн ашиг харахгүйгээр, үйлдвэрлэлийн өртгөөрөө борлуулах юм байна.
Эрчим хүчний үнэ ямар байдлаар нэмэгдэх вэ?
Мэдээж мкв хэмжээ, хэрэглээнээсээ хамаарч үнэ өөр байна. Тиймээс Батынхаар жишээ авъя. Бат Улаанбаатарын дийлэнх айлын адил 50 мкв хэмжээтэй байранд эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.
Халаалтын улиралд Батын гэрийн цахилгааны төлбөр сард 36,220 төгрөг гардаг. Харин цахилгааны үнийг нэмбэл төлбөр нь 52,107 төгрөг болно. Өөрөөр хэлбэл, 15,887 төгрөгөөр буюу 44 хувиар нэмэгдэж байна гэсэн үг.
Харин энэ айл дулааны төлбөртөө сард 42,328 төгрөг төлдөг байсан бол хоёр дахин нэмэгдэж, 84,216 төгрөг болох юм.
Нийтдээ цахилгаан дулаандаа Батынх сард 78,328 төгрөг төлдөг байсан бол 136,323 төгрөг төлдөг болно гэсэн үг.