Ахлах ангийн сурагчдын олон талт оролцоонд тулгуурлан жендэрийн тэгш байдлыг таниулах, өсвөр үеийнхэнд бүтээлчээр хөгжих боломжийг олгох зорилгоор анх 2022 онд нийслэлийн Охидын зөвлөл, Хөвгүүдийн зөвлөл нь тус тус байгуулагдсан.
Энэ хугацаанд зөвлөлийн үйл ажиллагаагаар дамжуулан нийт 10 гаруй хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд байгаа бөгөөд энэ сарын 28-ны өдөр ээлжит хурлаараа 2024-2025 онд удирдан ажиллах сурагчдын бүрэлдэхүүнийг сонгожээ. Эдгээр сурагчид нь харьяа дүүргийнхээ үе тэнгийнхнийг хамтын санаачлагад манлайлан, жендэрийн мэдрэмжтэй, тэгш оролцоог түүчээлсэн, чадварлаг мэргэжилтнүүд болохын төлөө нэгдэн ажиллах юм.
Монгол Улс жендэрийн зөрүүтэй байдлын индексээр 2006-2020 оны хооронд 42-оос 79-р байр руу ухарсан нь боловсролын тэгш бус хамрагдалттай холбоотой гэж үздэг. Судалгаанаас харахад, эмэгтэйчүүдийн боловсролд хамрагдалт харьцангуй өндөр бөгөөд бүх түвшний сургалтын байгууллагад суралцагсдын 51,0 хувь нь эмэгтэй суралцагч байна. Ялангуяа их, дээд сургууль, коллежид суралцагчдын 60,9 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.
Гэсэн хэдий ч хөдөлмөрийн зах зээлд эрэлттэйд тооцогддог инженер, техник, мэдээллийн технологийн чиглэлээр эмэгтэй суралцагчдын тоо хангалтгүй хэвээр байгаа юм. Иймд Монголын Охидын зөвлөл, Хөвгүүдийн зөвлөлөөс  сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгож, ирээдүйд шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэхийн зэрэгцээ жендэрт суурилсан төсөл хөтөлбөр, нийгмийн нөлөөллийн ажлуудыг хамтдаа хэрэгжүүлэх замаар салбар бүрийн чадварлаг боловсон хүчний бэлтгэхээр зорьж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу