Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол Бахархлын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил уламжлалт үйл ажиллагаанууд болон шинээр бий болсон зарим мэдээллийг өнөөдөр (2024.10.30) Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.
Энэ жилийн тухайд “Түүх судлалыг дэмжих тухай” ерөнхийлөгчийн зарлиг гарч байгаа бөгөөд МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Бахархлын өдрөөр тус зарлигт гарын үсэг зурна. Тус зарлигийн дагуу Монголын түүхийг багтаасан иж бүрэн 30 боть ном хэвлүүлэх аж. Мөн тус өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан болно. Барилдааны түрүү бөхөд Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Чингис хаан цомыг гардуулах юм.
Мөн онгол Бахархлын өдрөөр Их эзэн Чингис хааны одонг гардуулдаг. Хуулийн дагуу гурав хоногийн өмнө тухайн одон авах иргэний нэрийг зарладаг. Энэ талаар ЕТГ-ын дарга Г.Занданшатар мэдээлсэн юм.
Г.Занданшатар: “Чингис хаан одонг 2005 онд анх олгож байсан. Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хууль тогтоомжийн дагуу Монгол улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан дотоодын иргэнийг, мөн дэлхий дахины хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэнийг шагнаж, Чингис хааны нэр алдрыг дэлхийд дуурьсгаж байхаар шийдвэрлэсэн байдаг. Энэ удаад НҮБ-ын найм дахь ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг Чингис хаан одонгоор шагнахаар шийдвэрлэсэн. Тэрбээр, хоёр улсын харилцааг стратегийн түвшинд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн юм. Мөн цаашлаад НҮБ, Монгол Улс хоорондын харилцааг шинэ шатанд гаргаж, маш том дэмжлэг үзүүлсэн” гэлээ.
А.БАЯР