Эрчим хүчний үндэсний хорооноос цаг үеийн асуудлаар өнөөдөр (2024.10.30) олон нийтэд мэдээлэл өглөө. Монгол Улсын шадар сайд, Эрчим хүчний үндэсний хороон дарга Т.Доржханд эрчим хүчний тарифын өөрчлөлтийн талаар танилцуулсан юм.
Тэрбээр, “Монгол Улсад сүүлийн 40 жил эрчим хүчний станц баригдаагүй. Эх орондоо сайхан амьдрах залуучуудаа эдийн засгийн өсөлтөөр л дэмжинэ. Гэтэл эдийн засгийн өсөлтөө тэлэх гэхээр хамгийн том нөлөөлж байгаа хүчин зүйл нь эрчим хүчний салбар байна.
Энэ удаад том бүтээн байгуулалт хийж, эдийн засгийн өсөлтөө тэлэх чиглэлийг Засгийн газар сонгосон. Үүнийг намын бүлгүүд, УИХ-ын гишүүд ч дэмжсэн. Эрчим хүчний реформ гэдэг бол цогц асуудал. Маш энгийнээр хэлэхэд хүрэн эрчим хүчнээс, ногоон эрчим хүч рүү шилжих, төрийн монопол болсон салбарыг төрөөс хувийн сектор руу шилжүүлэх, төвлөрсөн системийг задлах, эрчим хүчний салбарын технологийн шинэчлэл гэх мэт, энэ бүгд нь нийлээд эрчим хүчний реформ болж байгаа юм.
Уул уурхайгаас хамааралтай байдаг улсынхаа эдийн засгийн хоёр дахь том салбар нь эрчим хүчний салбар юм. Монгол Улсад эрчим хүч үйлдвэрлэх асар их нөөц байгаа. Эрчим хүчээ экспортлоод ашиг олох боломж бидэнд байна гэж тодорхойлж урт хугацааны зорилтоо тодорхойлж байгаа юм. 2024-2028 онд Монгол Улс бие даасан, хараат бус тусгаар эрчим хүчний системтэй болно гэсэн зорилт мөн тавьж байгаа. Өнөөдөр нийт эрчим хүчний 22-23 хувийг хоёр хөршөөс өндөр үнээр импортолж байгаа. Цаашлаад үйлдвэр барих, ЖДҮ-г дэмжих, метро барих гэхээр бидэнд эрчим хүч байхгүй байгаа. Монгол Улсын хувьд эрчим хүчээ зуун хувь өөрсдөө үйлдвэрлэдэг болно. шаардлагатай тохиолдолд хоёр хөршөөс импортолдог, мөн экспортолдог байх зорилтыг тавьж байна.
Үүний тулд богино хугацаанд үнэ тарифын өөрчлөлт хийх ёстой. Энэ шилжилтийг өнөөдөр зайлшгүй эхлүүлэх ёстой. Гэхдээ иргэд, бизнес эрхлэгчдэд аль болох дарамт болохгүйгээр олон улсын жишээн дээр үндэслэн хийх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан байгаа. Өнөөдрийн шилжилт нь дан ганц үнэ тарифын шилжилт биш, цогц шилжилтийн эхлэл юм” гэлээ.
Шууд дамжуулалтыг үзэх: