Монголд ажил хийгээд цалин авч байгаа хүмүүс л нуруун дээрээ улсын хамаг ачааг үүрч байна. Хөдөлмөрийн чадвартай хэр нь ажил хийдэггүй хэсэг нөхдүүдийг халамжаар угжсаар өдийг хүрлээ.

Манай улсад 1.6 сая хүн нийгмийн халамжид ямар нэгэн байдлаар хамрагддаг байна. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын 47 орчим хувь нь халамж авч байна. Үүний 700 мянга нь нэн ядуу гэх албан бус тоо байдаг. Тэгэхээр манай улс аль хэдийнэ халамжийн улс болчихсон.

Үүнийг дагаад улсын төсөвт халамжийн зардал өндөр байна. Хүүхдийн мөнгийг хүртэл халамжид оруулдаг улс ийм байхаас ч яах билээ.

Халамжийн зардал 2.2 их наяд төгрөг байхад хүүхдийн мөнгөнд 1.6 их наяд төгрөг байна. 

2024 оны байдлаар халамжийн зардлын 28.7 хувь нь зорилтот бүлэгтээ хүрч, 72.3  хувь нь халамж шаардлагагүй өндөр орлоготой ахмадууд, ээжүүдэд гэх мэт зорилтот бус бүлгийн иргэдэд чиглэжээ. Энэ бол үр ашиггүй, зорилгодоо нийцээгүй бодлого юм.

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн айл өрх бүхэн олон төрлийн халамжуудыг давхардуулж авдаг. Баянзүрх дүүрэгт бүх төрлийн халамж авч байгаа 325 өрх, Сонгинохайрхан дүүрэгт 155 өрх байна.

Үүнээс харахад бид өдөр шөнө, өглөө оройгүй махаа зулгааж олсон хэдэн төгрөгөөрөө нэг хэсэг гэр бүлийг л тэжээгээд байгаа юм.

Дэлхийн банкны ядуурал, нийгмийн хамгааллын багийн зүгээс “Монгол Улсын нийгмийн халамжийн зардал нь дэлхийн дундаж орлоготой улс орнуудтай харьцуулахад өндөр байна” гэсэн судалгааг гаргажээ. 

Манай улсын халамжийн бодлого зорилтот бүлэгтээ онож хүрэхгүй байгааг Дэлхийн банкнаас хүртэл хэлсэн байдаг.

Үүний тулд халамжийг амьжиргааны доод түвшний, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд, эрсдэлт бүлгийн хүүхдүүд, орон гэргүй иргэд, гамшигт нэрвэгдсэн иргэд гэх мэт яг зорилтот бүлэгт чиглүүлэх шаардлагатай байгаа юм.

Мөн хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхэлдэггүй иргэдийг чадавхжуулж, хөдөлмөрийн зах зээлд бэлдэх хэрэгтэй.

Хөдөлмөрийн насны хүн хүнсний талон авах ёсгүй. Нэг өрхөд олон төрлийн халамж авч байгаа эдгээр давхардлуудыг арилгах нь зүйтэй.

Н.УЯНГА 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу