Өнөөдөр (2024.10.30) Халловины баярын өдөр. 2000 жилийн өмнө католик шашны зан үйлээс үүсэж, өдгөө дэлхий нийтээр өргөн тэмдэглэдэг болсон уг баярт монголчууд ч ач холбогдол өгдөг болоод байна.
Энэ өдөр залуучууд ямар нэгэн аймшгийн киноны баатар, сүнсний дүрд хувирч үдэшлэг хийдэг бол хүүхэд багачууд дүрээ хувиргаж, хөршүүдийнхээ хаалга тогшин, чихэр цуглуулах нь элбэг.
Гэтэл хүүхдүүд чихэр гуйж буй нь сүүлийн өдрүүдэд цахим орчинд маргаан дагуулж эхэллээ. “Зөвхөн аравдугаар сарын 31-нд эл баярыг тэмдэглэх ёстой ч хоёр, гурван өдрийн өмнөөс хаалга тогшоод байна”, “Дүрд хувираагүй хэрнээ чихэр нэхээд байна”, “Чихэр аваад явсан хүүхдүүд дахиж ирлээ” гэх мэтээр зарим хүмүүс бухимджээ. Хүүхдийн амны хөндийн эрүүл ахуй талаас чихэр өгөхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлж буй хэсэг ч байна. Харин зарим айл энэ баярт ач холбогдол өгч, хаалгаа чимэглэж, хүүхдүүдэд өгөх чихрээ тусгайлан бэлдэж байгаа юм.
Ямартай ч чихэр өгөх эсэх нь таны сонголт. Гэхдээ гэрийн тань хаалгыг тогшиж буй хүүхдүүдэд эелдэг хандаарай.
Хүүхэд бүр баяр ёслолд дуртай байдаг. Магадгүй та ч хүүхэд насандаа шинэ жил, цагаан сар, төрсөн өдөр гэх мэтээс эхлээд жижиг баяруудыг ч хоног тоолон догдолж хүлээдэг байсан биз.
Тиймээс гэрийн тань хаалгыг тогшиж, баяртайн аргагүй чихэр гуйж яваа бяцхан хүүхдүүдтэй найрсаг харьцахыг хүсье.
Сануулахад, өнгөрсөн 2023 оны аравдугаар сарын 29-нд хөршийнхөө хаалга тогшиж, чихэр гуйсан есөн настай охиныг 56 настай эрэгтэй өшиглөж, биед нь халдсан хэрэг гарсан. Тиймээс бага насны хүүхдээ ганцааранг нь явуулахгүй байхыг эцэг, эхчүүдэд анхааруулж байна.
Х.ТҮШИГ