Чөлөөт бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албаны нийслэл Тирана хотод үргэлжилж байна.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд эхний тойрогт Мексикийн Ревера Арриагаг 10:0, үргэлжлээд Канадын Борегар Лоренсийг 8:8 -аар ялж, Азербайжаны Алена Колесникийг 9:0 харьцаатай ялж, шигшээд Энэтхэгийн Манси Мансиг 4:1 харьцаатай буулган авсан юм.
Ингэснээр алтан медалийн төлөө Олимпын хошой аварга, Дэлхийн гурван удаагийн алт, нэг мөнгөн медальт Рисако Кавайтай барилдаж, 4:2 харьцаатай ялагдал хүлээлээ. Ийнхүү Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд ДАШТ-ий алт, хошой мөнгөн медалийн эзэн боллоо.
С.Цэрэнчимэд ДАШТ-д гурван дах удаагаа алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан нь энэ бөгөөд өмнө нь 2014 онд алт, 2015 онд мөнгөн медаль хүртэж байв.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд хүч үзсэн үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг аравдугаар сарын 31-ний 00:30 цагаас хүрэл медалийн төлөө барилдана.
Л.ЗУЛ