Өндөр үнэтэй, чанарын шаардлага хангахгүй эм монголчуудын толгойны өвчин болсон. Ирэх оны төсвийн төсөлд олон улсын чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгсэл, био бэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах ажлыг эхлүүлж, эмийн үнийн өсөлтийг хязгаарлах бодлого баримтлахаар тусгажээ. Энэ хүрээнд иргэдэд хямд үнэтэй, чанарын баталгаатай эм авах боломж бүрдэх юм.

Ирэх 2025 оны төвийн төсөлд Эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх хөнгөлөлттэй эмийн хүртээмж, нэр төрлийг нэмэгдүүлэхэд 37.2 тэрбум төгрөг тусгасан байна. Мөн “Эрүүл Монгол”, “Элэг бүтэн Монгол”, “Эрүүл шүд” хөтөлбөрийг үргэлжлүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлтийг дэмжих хүрээнд 38 тэрбум төгрөг төсөвлөжээ. Тодруулбал, “Эрүүл Монгол” хөтөлбөрийн зардлыг нэг тэрбум төгрөгөөр нэмж 8.8 тэрбум, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн зардлыг 7.4 тэрбум төгрөгөөр нэмж 20.1 тэрбум, “Эрүүл шүд” хөтөлбөрт шаардлагатай зардлыг 8.1 тэрбум төгрөгөөр нэмж 9.1 тэрбум төгрөг байхаар тооцсон байна.

Түүнчлэн хүүхдийн амьсгалын замын үрэвсэлт өвчлөлийг эрт үед нь эмчлэхэд анхаарч, аймаг, дүүргийн эмнэлгүүдэд үүсдэг ачааллыг бууруулах зорилгоор хөнгөн үед нь өрх, сумын эмнэлгүүдэд хүүхдийн өдрийн болон гэрийн цогц эмчилгээг хийх тарифыг баталжээ.

Томуугийн үед эмийн багц гаргах төлөвлөгөөтэй байгаа талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэлдээ дурьдсан. Тэрбээр “Энэхүү багцыг чанартай сайн эмийг мэргэжлийн хүмүүсийн санал дүгнэлтийг үндэслэж, гаргана. Нэг ёсондоо иргэд заавал дүүргийн эмнэлэгт хүүхэдтэйгээ хэвтэхгүй, өрхөөсөө үнэгүй эм аваад гэрээр эмчлэх боломжоор хангах юм” гэж мэдээлсэн.

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын нэг иргэнээр тооцсон санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны 05 дугаар тогтоол, 2023 оны жилийн эцсийн Монгол Улсад оршин суугаа хүн амын тоо, сүүлийн гурван жилийн хүн амын дундаж цэвэр өсөлтийн статистик мэдээлэлд тус тус үндэслэн төлөвлөжээ.

Өрх, сум, тосгоны ЭМТ-өөс үзүүлэх дөрвөн төрлийн тусламж, үйлчилгээнд 2024 онд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хүүхдийн өдрийн эмчилгээг /ханиад томуугийн эмийн багц/, 2.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна.  

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу