Ирэх 2025 онд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асаргаа, сувилгаа, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх “Дэмжих төв”-ийг байгуулахаар болж, 24 тэрбум төгрөгийн төсвийг улсын төсөвт тусгуулжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-амгалан “Манай салбарын ирэх оны төсвийн онцлог бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэр тусмаа хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү хандсан байгаа.
Тухайлбал, ирэх жилд улсын төсөвт дэмжих төвүүдийн үйл ажиллагааг тогтвортой болгох, 1000 орчим хүүхдэд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, нийгмийн үйлчилгээг цогцоор нь хүргэх нөхцөлийг бий болгохоор төлөвлөж байна.
Мөн 2025 оны төсөвт нэг ч сургууль, цэцэрлэгийн барилгын төсөв тавиагүй ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд асаргаа, сувилгаа үзүүлэх, 300 хүүхдийг хүлээж авах хүчин чадалтай “Дэмжих төв”-ийн хөрөнгө оруулалт батлагдаж байгаа. Үүнд нийт 24 тэрбум төгрөг төсөвлөгдөнө.
Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчдын тэтгэмжийг 36 хувиар нэмэгдүүлж, 500 мянган төгрөг хүртэлх живхний зардлыг төрөөс хариуцдаг болж байна.
Дэмжих төвүүдийн үйл ажиллагааг төрийн бус байгууллагуудтай хамтран явуулна” хэмээн хэллээ.
Х.ТҮШИГ