Цахилгаан дулааны үнийг тодорхой хувиар нэмэхээр болсон. Олон жил алдагдалтай ажилласан “ДЦС-3” нь хэзээ мөдгүй зогсоход хүрээд буй. Энэ үед Эрчим хүчний үндэсний хороо цахилгаан, дулааны тарифыг нэмж алдагдлаа нөхөх боломжтой гэж үзэн тооцоо боловсруулж эхэлсэн. Бид энэ талаар иргэдийн байр суурийг тодрууллаа.
Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Долоон буудал орчимд бидний очиход урьдын л адил хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Автобусны буудал даган суусан жижиглэнгийн худалдаа, самар, нохойн хоол, ариун цэврийн цаас, мах, оймс, бээлий зэрэг угтана. Цаашлаад машины ард дэлгэсэн хуучин хувцасны худалдаа бий. Энэ дүр зураг чухам хэдэн жилийн өмнө ч байж л байсан. Үүнээс харахад яг өнөөдөр ард иргэдийн амьжиргаа төдийлөн сайжраагүй л байна.
Цахилгаан, дулааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой болсон. Энэ нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ, Та ямар байр суурьтай байна вэ гэх асуултад иргэд дараах байдлаар хариулсан юм.
Бид арай л гэж жаахан наймаа хийгээд, оройн хоолоо олоод л харьж байна
ИРГЭН: Шаардлагатай бол нэмэх ч одоо дүүрсэн хэрэг. Гэхдээ дүн өвөл эхэлж байхад нэмж байгааг гайхаж байна. Зунаас эхлээд бага багаар нэмсэн бол төдийлөн чирэгдэл болохгүй байсан болов уу. Иргэд идэхээсээ илүү гарч чадахгүй л байна. Бидний наймаа ч муудлаа. Бид жаахан наймаа арай гэж хийгээд, оройдоо хоолоо аваад л харьж байна. Гэтэл цахилгааны үнэ нэмэгдэх сургаар бүх юмны үнэ дагаад өснө. Одоо олж байгаагаасаа илүү олоод ч нэмэргүй шүү дээ.
Төр засаг амин хувиа бодоод өчнөөн жил болоход цахилгаан станц бариагүй
ИРГЭН: Ард түмний амьдрал улам л хэцүү болох байх даа. Өөр яах вэ. Одоогоороо ч тэтгэвэр маш багатай бид чинь. Энэ бол буруу шийдвэр, нам засаг ард түмнээ бодохгүй л байна даа. Төр засаг амин хувиа бодоод өчнөөн жил болоход цахилгаан станц бариагүй байж өнөө маргаашгүй барьчихна гэж юу байх вэ дээ.
Нэг л өдөр төр, иргэний хооронд асуудал үүсэх вий
ИРГЭН: Цахилгаан, дулааны үнэ нэмж, ард түмний нуруун дээр ачаа үүрүүлэх нь хамгийн буруу. Тэрний оронд 126 гишүүн өөрсдийнхөө төсвийг хасах хэрэгтэй. Олон замбараагүй хэсгийн ахлагч нар, дэд сайд нар ямар ч хэрэггүй шүү дээ. Илүү л зардал. Харин ч ард түмний амьдрал улам л доошилж, уруудсаар л байх болно.
Нэг УИХ-ын гишүүнийг өглөө ажилдаа орж ирээд нь мөнгөн аяга, тэмдэглэлийн дэвтэр үзэг бал, 365 жилийн ойн медаль гэх мэтийг өгч байгаа харагдана лээ. Энэ мэт их үрэлгэн зардлаа хасаж, танаж тэр станцаа засаж тордох хэрэгтэй. Нэг л өдөр төр, иргэний хооронд асуудал үүсэх вий. Би бол энэ цахилгааны үнэ нэмэхийг эсэргүүцэж байгаа.
Ядаж цалин хөлс нэмэгддэг бол яах вэ
ИРГЭН: Үнэ тариф нэмэх асуудал буруу гэж бодож байна. олоон буудал орчмын айлууд дахин төлөвлөлтөд ороод ихэнх нь нүүгээд явчихлаа. Худалдаа эрхлэгчид улам л бэрхшээлтэй нүүр тулж байна. Ажлын байрны түрээс, төлбөрөөс эхлээд л үнэхээр хэцүү болох байх.
Өмнө нь өдөрт 2-3 шуудай төмс зардаг байсан бол өнөөдөр нэг шуудайг л арай гэж зарж байна. Ингээд харахаар худалдаа эрхлэгчид, ард иргэдийн амьдрал муудсаар л байна. Үүн дээр нь нэмээд үнэ тариф нэмэх нь буруу. Ядаж цалин хөлс нэмэгддэг бол яах вэ.
Улс орон маань бас алдагдалд орвол хэцүү
ИРГЭН: Тэтгэврийн бидэнд үнэхээр хүнд тусаж байна. цахилгаан халаалттай тэтгэврийн хоёр хөгшин санхүүгийн энэ их дарамтыг яаж туулах вэ. Бүх юмны үнэ дагаад өснө ойлгомжтой. Би хувьдаа бодоод үнэхээр хэцүү. Гэхдээ түмэн олон хэлэх л байлгүй дуугарах л байлгүй. Амин хувиа бодоод тийм байна гэж болохгүй байх. Улс орон маань бас алдагдалд орвол хэцүү. Олон түмэн юу гэж хэлэх, төр засаг хэрхэн шийдэхийг л дагахаас өөр аргагүй байх.