УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин төсвийн төсөлд оруулах санал болон цаг үеийн асуудлаар өнөөдөр (2024.11.01) мэдээлэл өглөө.Шарк Д.Энхтүвшин суурин дээрээ эргэж, сонгуулийн ажлаа үргэлжлүүлэхээр болжээ
Тэрбээр,  “Засгийн газрын оруулж ирсэн төсвийн төсөл бол нэг зүйлийг тодорхой болгож байна. Иргэдийн улс төрийн намуудад итгэх итгэлийг алсруулж байна. Нам эвсэл, төр засагт итгэх итгэлийг дахин сэргээхэд асар их цаг хугацаа зарцуулна. Өнөөдөр УИХ-д сонгогдохдоо иргэдэд амлаж байсан нэг заалтыг нь би эрх барьж буй гурван намд сануулж байгаа юм. Жишээ нь, МАН-ын мөрийн хөтөлбөрт “төсвийн зардлыг ДНБ-ий 25 хувь хүртэл буулгана” гэж заасан. Ардчилсан нам 20 хувиар бууруулна гэсэн. ХҮНам ч ялгаагүй төсөв буулгах бодитой бодлого явуулна гэсэн. Энэ мэт амлалтуудыг өгсөн. Эдгээр нь данхар төрийг багасгах итгэл үнэмшил төрүүлж байсан учраас би нэр дэвшиж байсан.
Гэтэл одоо батлах гэж байгаа төсөв нь 2023 оныхтой харьцуулахад 60 хувиар өссөн байна. ДНБ-ийг 37.7 хувь болгох төсөл оруулж байна. Энэ бол миний бодлоор бүлэг залилангийн нэг хэсэг.  Иргэдийг дөрвөн жилийн дараа мартчихна гэж бодож байгаа бололтой.  Ордонд байгаа хүмүүс амьдралаас маш хол тасарсан байна. Гэтэл ААН, иргэд цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд амь зууж байна.
Мөн татварын орлогыг 10 их наядаар нэмнэ. Төсөвт ААН, байгууллага, татвар төлөгчдийн орлогыг 50 хувиар нэмнэ гэж байна. Иргэдийн нуруун дээр асар их ачаа үүрүүлж байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг ойлгохгүй байна.  НӨАТ-ын өр 540 тэрбум болсон. Татварын алданги, хүү торгуультай холбоотой 70 их наядын торгуулийн төлбөр тавигдсан байна. Ордонд байгаа бага юм шиг зардлуудыг нөхөхийн тулд ААН-үүд өрөнд орж байна, хаалгаа барьж байна. Миний хувьд яагаад ч энэ байдалтай эвлэрэхгүй.
Төсвийг ядаж 5.3 их наядаар бууруулах төсөл оруулж ирэхгүй бол дэмжих боломжгүй гэж бодож байна. Төсвийн зардлыг бууруулснаар маш их боломж нээгдэнэ. Гэтэл зардал нэмээд л байдаг, бууруулах ямар ч боломжгүй гээд байх юм.
Эрх барьж буй гурван намыг данхар төрийг жижигхэн болгоход дэмжих байх гэж бодож байсан. Гэтэл төсөв хэлэлцэж байхад тойрогтоо төсөв тавиулах жижиг зүйлс дээр л анхаарч байна. Үргэлжлүүлэн би хатуу байр сууриа илэрхийлсээр байх болно. Энэ чигээрээ удаан байвал энэ ордонд байх ямар ч утгагүй гэж бодож байна. Тийм ч учраас мөрийн хөтөлбөрийн заалтуудыг нь сануулсаар байх болно. Сонгогчид дөрвөн жилийн дараа ирдэг биш, олон нийтийн төлөөлөл энд байгаа юм шүү гэдгийг үргэлж сануулна” гэлээ.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу