УИХ-ын чуулганы Баасан гарагийн (2024.11.01) нэгдсэн хуралдаан эхэллээ. 

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн гаргасан горимын саналыг хэлэлцэв. 

Тодруулбал, 2025 оны улсын төсвийн төсөлд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн багцад хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ үзүүлэх зорилгоор “эрхийн бичиг“ төрөөс үнэгүй олгох 18.3 тэрбум төгрөгийн зардал тусгажээ. Уг асуудлыг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа эсэргүүцэж, дээрх 18.3 тэрбум төгрөгийг хасах саналыг гаргасан юм.

Улмаар түүний саналыг Төсвийн байнгын хороо болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд гишүүд дэмжээгүй. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ч мөн дэмжсэнгүй. 

Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдаанд 92 гишүүн оролцсоноос 54 нь буюу 58.7 хувь нь уг зардлыг хасах шаардлагагүй гэж үзлээ. 

Ингэснээр ирэх жилүүдэд төсвөөс 18.3 тэрбум төгрөг гаргаж, хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ үнэгүй үзүүлэхээр болж байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу