Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлэл хийлээ. Тодруулбал, Анхан шатны шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4 жил 9 сарын хорих ял оноосон бөгөөд өнгөрсөн наймдугаар сарын 13-нд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Түүний гомдлоор шүүх хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 7-нд товлосон юм.
Үүнтэй холбогдуулан тус шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлтээ хүргүүлж байгаа талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлсэн юм. Тэрбээр “Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд Чулуунбилэгийн Лодойсамбуу миний бие ажиглагчаар оролцох хүсэлт гаргаж байна. Би ямар ч тохиолдолд шүүх сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг сулла гэж шаардахгүй. Шүүх хуралд нууцыг чанд хадгална гэсэн баталгаа гаргаад ажиглагчаар оролцмоор байна. Би шүүх хуралд итгэж ирсэн. Гэтэл одоо бол эргэлзээ төрүүлж байна. Учир нь нууцын зэрэглэлтэй материалыг задруулсан, цааш дамжуулсан, хадгалуулсан гээд бүх хүн хариуцлага хүлээх ёстой. Харин ганцхан Н.Өнөрцэцэгийг хорьж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Иймд би иргэний хувьд, сэтгүүлчийнхээ хувиар шүүх хуралд орж үзмээр байгаа юм” гэв.
Мөн үргэлжлүүлэн, “Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Эрүүгийн хуулиас илт худал мэдээлэл тараах гэсэн заалтыг авч хаяхаар хуулийн төсөл санаачилсан. Энэ нь зөвхөн хэвлэл мэдээлэл биш олон нийт үзэл бодлоо илэрхийлэхийг шууд хааж, Үндсэн хууль зөрчсөн. Энэ заалтаар 1000 гаруй иргэн, сэтгүүлч байр сууриа илэрхийлснийхээ төлөө шалгагдаж байна” гэсэн юм.
ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ:
Л.ЗУЛ