Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийг Эрдэнэс Оюу толгой компанийн ТУЗ-ийн гишүүнээс, Эрдэнэс монгол компанийн Зэс металлургийн группын захирал Х.Бадамсүрэн нарыг чөлөөлснөөр Засгийн газрын “Шүүр” ажиллагааны зүрх нь цохилж эхэллээ. Авлигатай тэмцэх “Шүүр” ажиллагааны шүүрэнд хамгийн түрүүнд өртсөн нь тэтгэврийн насандаа суусан энэ хоёр байв.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр мэдээлэл хийж “Шүүр ажиллагааны хүрээнд төсвийн хууль батлагдахдаа “Тэтгэврийн насны буюу тэтгэвэр авч байгаа хүнийг цалинжуулахгүй байх” хуулийн заалт орсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 6161 хүн тэтгэвэр авч байгаа хэрнээ төсвөөс цалинжиж байна. Мөн төрийн тусгай албан хаагчид гэдгээр тэтгэвэр тогтоолгосон 156 хүн давхар цалингаа аваад явж байна. Тухайлбал, 6161 тэтгэвэрт гарсан ч төрөөс цалинжиж буй албан хаагчдын цалинжуулахад 7.5 тэрбум, жилээр тооцвол 30 тэрбум төгрөгийн цалин гарах нөхцөл байна. Цэргийн насны тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн цалинд 250 орчим сая төгрөгийн зарцуулсан байна. Бүтэн жилээр нь үзвэл нэг тэрбум төгрөг. Тиймээс тэтгэврийн насны хүмүүсийн цалин авч байгаа байдлыг зогсоосон тохиолдолд төсөвт 31 орчим тэрбум төгрөгийн хэмнэлтийг бий болгоно” гэж мэдэгдлээ.  Үүнээс гадна мэргэжилдээ тэнцэхгүй, мэргэжлийн бус томилгооны хүмүүсийг чөлөөлөхөөс эхлээд “Шүүр”-нд өртөх хүмүүсийн тоо бүр нэмэгдэх нь гарцаагүй.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Шүүр” ажиллагааны талаар хамгийн их мэдээлэл өгч байгаа хүн. Тиймээс “Шүүр” ажиллагаагаа өөрөөрөө үлгэрлэн харуулах хэрэгтэй байна.

МАН-ын Үндсэн дүрмийн заалтад ингэж заасан байна.

Одоогийн эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар давхар ажиллах боломжгүй. МАН-ын Үндсэн хууль гэгддэг намын Үндсэн дүрмийн 29.2-т нь “Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно” гэсэн заалт нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газар шударга ёс, ёс зүйн зарчим тогтоохоор ажиллаж байна” хэмээн хэд хэдэн удаа мэдэгдсэн. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Шударга бус зүйлтэй эвлэрэхгүй” гэдгээ зарласан. Генсекийн суудлаас, ЗГХЭГ-ын байр суурь аль алинаас нь тэр шударга байцгаая л гээд байгаа бараг цор ганц хүн. Ард түмэн үнэхээр шударга ёс тогтоох гэж байгаа юм байна гэсэн итгэл үнэмшилтэй болсон. Тиймээс намынхаа Үндсэн дүрмийг ягштал баримтлан Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгөөд ЗГХЭГ-ын даргаа хийх хэрэгтэй. Эсхүл генсекийн ажлаа өгөөд ЗГХЭГ-ын даргын ажлыг шүүрдсэн шиг шүүрдэж хиймээр байна. Тэрбээр аль нэгийг нь сонгож гэмээнэ жинхэнэ утгаараа шударга ёсны салхи сэвэлзэнэ. Хуурай лоозонгоос хувьсгалд чиглэсэн зоримог шийдвэр нь илүү тустай. Ингэж чадах юм бол Д.Амарбаясгаланг дэмжих хүмүүсийн тоо улам нэмэгдэнэ. Өнөөдрийн эрх мэдлээс давж маргаашийн улс төрөө харах юм бол энэ хоёр замын аль нэгийг нь сонгох зайлшгүй шаардлагатай нүүр тулна. Өнөө шударга үнэнтэй нүүр тулна гэдэг нь энэ л дээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь өөрөө Үндсэн дүрмээ мөрдөхгүй бол үлдсэн 200 гаруй мянган гишүүнээ дүрэм мөрдүүлнэ гэвэл ёстой лөөлөө болно. 

Д.Амарбаясгалан даргын хувьд өөрт нь аль аль албан тушаал нь маш их хэрэгтэй байгаа нь гарцаагүй. Албан тушаалаа дагасан эрх мэдлийн хүч маш их. Улстөрч хүн тэр хүчээ алдахыг хүсэхгүй ч “Шүүр” ажиллагааныхаа хүрээнд өөрөөрөө “шүгэл” үлээчихвэл үнэнд нийцэх гээд байна. Хүн л болсон хойно “чимээгүйхэн” байж байгаад энэ чигтээ ирэх сонгууль хүргэх бодол байдаг л биз. Гэхдээ намын дүрэм журмаа дагах, нөгөө талд нь гал тогоог нь барьж буй Засгийн газрынх нь шүүр ажиллагаа эхэлсэн гэдгийг мартаж болохгүй. МАН-д өнөөдөр энэ талаар ам нээчих эр зоригтой хүн алга шиг байгаа юм. Генсекээсээ жийрхдэг байсан бол нэмээд ЗГХЭГ-ын дарга болчихоор түүний өмнөөс ган хийх хүн олдохгүй л дээ.

Тэтгэврийн насны 6161 хүн “Шүүр” ажиллагааны хүрээнд ажлаасаа чөлөөлөгдөх нь нэгэнт тодорхой болж байна. Энэ тоог нэгээр нэмээд улс төрд өгч авч сурсан зангараг заагаад намынхаа ажилд илүү оролцож, ирэх сонгуульдаа намаа амжилттай сойх бэлтгэлээ базаах нь ирээдүйн улс төрийн замналд нь илүү гэрэл нэмнэ. Намаа ялуулснаар хүссэн хүсээгүй дараагийн Ерөнхий сайд, Намын дарга болно шүү дээ. Өөрийн цагийг иртэл өрөөлийн үүдийг манаж суухаар өөрийн хүчээр дахиад нэг сонгуульд намаа ялуулах нь нэр төрийн асуудал юм шүү дээ, Д.Амарбаясгалан дарга аа. 

Э.БОЛД

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу