Ирэх сонгуулийн бэлтгэл ажил Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр эхэлнэ. Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдоор ахлуулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүд УИХ-ын дарга Г.Занданшатарт  хуулийн төслийг өргөн барьсан. Уг төсөлд Монгол Улсын Их Хурлын 38 гишүүнийг тойргоос, 38 гишүүнийг нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас сонгохоор заасан. Мөн Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор гадаад улсад байгаа иргэдээс санал авдаг болгох заалт орж байгаа юм. Тэр дундаа намын жагсаалтаар орж ирэх нэр дэвшигчдийг эр, эм гэж сөөлжүүлэн жагсаалтад багтаах, эмэгтэй нэр дэвшигчдийн квот 30-аас доогүй хувь байхаар тусгасан.

Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгээс Сонгуулийн тогтолцоог холимог байхаар хуульчилж, тойргоос 48, жагсаалтаар 28 хүн сонгох, Жагсаалт хуваарилахад улс нэг гэдэг зарчим барих, Жагсаалтаар нэр дэвшсэн нам, эвслийн сонгуулийн дүн гаргах, суудал хуваарилах зарчмыг нам эвсэл 3 хувь байхаар оруулах. Мөн тойрогт суудал авсан байх шалгуурыг хангах зэрэг заалт бүхий төслийг өргөн бариад байгаа. Эхний ээлжний төсөл ийм байгаа ч Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэж орж ирэх нь гарцаагүй.

Тиймээс Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газраас санал авахаар хүргүүлэв. Монгол Улсын Төрийн тэргүүн нь намын харьяаллаас татгалзсан байдаг тул Төрийн тэргүүн хуулийн төслийг өргөн барьжээ. Ямартай ч өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжсэн байна. Тиймээс өнөө маргаашдаа багтан Улс төрийн намын тухай хуулийн төслийг ЕТГ-ын дарга Я.Содбаатар спикерийн гарт өгч, ирэх долоо хоногт намын бүлгүүдийн хурлаар орох тов байгаа юм.

Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулийн төслүүдийг Их хурал хүлээн авсан ч цаана нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөл оруулах төсөл хүлээгдэнэ. Эрх баригч намын хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яаравчлуулж байгаа аж. ҮХНӨ-тэй зэрэгцэн Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хууль хамт явна. Уялдааг нь хангахгүй бол улс даяараа сонгуульдаж чадахгүй хэмжээнд очих эрсдэлтэй. Тиймээс давчуу цаг хугацаанд яаралтай батлах нь гол болоод байгаа юм байна.

Манайхан тэр дундаа улстөрчид жижигхэн асуудлыг дэвэргэж маш том дааж, давашгүй даваа мэт ярьж, ойлгуулдаг. Үнэндээ байр суурь нэгдсэн бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь ард түмэн дэмжээгүй байсан ч “аймар хэцүү байна” гэсэн үгээр халхавчилж байгаад долоо хоногийн дотор л өөрчлөлтөө хийчихнэ. Ядах юм үнэндээ байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эхний ээлжинд сонгуулийн тогтолцоо пропорциональ байна. Удаах нь, гишүүдийн тоог нэмнэ. Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх хувилбар зурагдсаныг эх сурвалж хэллээ.

Энэ сардаа багтаж нэмэлт, өөрчлөлт орох гурван төсөл гараан дээрээ ирчихвэл ирэх тавдугаар сараас сонгууль угтсан хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдээр бөмбөгдөх зурагтайгаар процесс эхэлнэ. Яаравчилсан байдлаар долдугаар сарын эхээр гурван хуулиа баталж аваад хаврын чуулганыг өндөрлүүлэх нь тодорхой болчихоод байгаа юм. 

Э.БОЛД

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу