Сэлэнгэ аймгийн тариаланчид хаврын тариалалтын босгон дээр “Хүнсний хангамж-Шинэ сэргэлт” зөвлөгөөнд оролцлоо. Төрөөс баримталж буй бодлого шийдвэр, тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах, үр тарианы үйлдвэрлэл эрхлэх таатай боломж, нөхцөл, нэгжээс авах ургацыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэх аж.Зөвлөгөөнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ болон аймгийн Засаг дарга, ХХААГ, салбарын эрдэмтэн судлаачид, үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо.

Зөвлөгөөний үеэр дараах хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Үүнд:

  • Энэ жилийн ургацаас 100 мянган тонн хүнсний улаанбуудайг улс худалдан авч, стратегийн нөөц бүрдүүлнэ.

УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 2023 оны ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан  хэрэгцээт  улаанбуудайн 30 хүртэл хувь буюу 100.0 мянган тонн хүнсний улаанбуудайг улс худалдан авч стратегийн нөөц бүрдүүлэхээр төлөвлөж шаардагдах санхүүжилтийг шийдвэрлээд байна.

  • Улаанбуудайн үрийг 30 хувь урьдчилгаатай зээлээр олгоно.

Үрийн шинэчлэлийг эрчимжүүлэх, чанар сайтай элит болон сортын үрээр тариалалт хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор дотоодын ургацаас 10.9 мянган тонн үрийн нөөц бүрдүүлсэн бөгөөд бодлогын хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан манай оронд тариалж нутагшуулсан болон хөрс, цаг уурын ижил төстэй нөхцөлд тариалан эрхэлдэг ОХУ-ын Алтайн хязгаараас нийтдээ 5.6 мянган тонн элит үр импортоор авч үнийг 30 хувиар хөнгөлж, дотоодын нөөцтэйгөө нийлээд нийтдээ 16.5 мянган тонн улаанбуудайн үрийг 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгохоор шийдвэрлээд байна.

  • Тухайн жилд худалдан авсан зориулалтын техникийн үнийн 50 хүртэл хувийг ногоочдод буцаан олгоно

Хүнсний ногооны үйлдвэрлэлийн механикжуулалтын түвшинг сайжруулах, техник, технологийн шинэчлэл хийх зорилгоор тухайн жилд худалдан авсан зориулалтын техникийн үнийн  50 хүртэл хувийг ногоочдод  буцаан олгоход зориулан 4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн.

  • Бордоо худалдан авсан иргэн, аж ахуйн нэгжид үнийн 30 хүртэл хувийг татаас хэлбэрээр буцаан олгоно

Тариалангийн салбарт бордооны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, шим тэжээлийн бодисын алдагдлыг нөхөх, ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор бордоо худалдан авсан иргэн, аж ахуйн нэгжид үнийн 30 хүртэл хувийг татаас хэлбэрээр буцаан олгохоор төлөвлөж шаардагдах 3.9 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлээд байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу