Эрдэнэс Тавантолгой компанийн  БЭТ, Б.Ганбат үүрэг гүйцэтгэсэн зургаан сарын хугацаанд хийсэн ажил, гарсан үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Мөн түүний эрхийг ахин зургаан сараар сунгахаар болжээ.

Тэрбээр компанийн борлуулалт, гадаад арилжааны талаар танилцуулахдаа:

“ЭТТ компанид онцгой дэглэм тогтоосноос хойш зургаан сарын хугацаанд 1.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 13сая тонн нүүрс борлуулсан байна. Төмөр замтай холбоотой оффтейк гэрээнд 200 гаруй сая ам.долларын өр төлбөрийг мөн барагдуулсан байгаа юм. Эдгээртэй холбоотой Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдсэн гэж үзэж болно. ЭТТ компани хэвийн үйл ажиллагаандаа ороод, бүрэн хүчин чадлаараа ажиллавал сард 2-2.5 сая тонн нүүрс борлуулах бүрэн боломжтой.

Нэгдүгээр улиралд 7.5 сая тонн нүүрс борлуулсан энэ эрчээрээ явбал оны эцэст 30 орчим сая тонн нүүрс борлуулах боломжтой. Мөн өмнөх хугацаанд сайн чанарын нүүрс л худалдаалж ирсэн. Гэтэл уурхайн нөхцөл байдлын хувьд эрчим хүчний нүүрс, сул коксжих нүүрсний нөөц их байгаа. Тиймээс сорчлохгүйгээр борлуулах алхмуудыг хийж эхэлсэн. Олборлож байгаа бүх нүүрсээ борлуулах хүрээнд биржээр 200 орчим мянган тонн эрчим хүчний нүүрс борлуулсан. Нөгөө талдаа гэвэл компанийн зарж байгаа нүүрс аль болох үнэ хүрэх ёстой. Тиймээс угаах үйлдвэрийг 2024 оны 7 сард ашиглалтад оруулна. Энэ үйлдвэр нь жилийн 10 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай. Ашиглалтад оруулснаар 60-80 ам.долларын нэмэлт орлого нэг тонн нүүрснээс олох боломжтой юм.

Одоогоор нийт долоон удаагийн арилжааг биржээр хийсэн. Дуудлага худалдаагаар арилжихад  эхний ээлжид мэдээж амаргүй байлаа. Хямдаар үнэ дуудаж эхэлбэл нүүрс бага үнээр зарагдах асуудал үүсдэг учраас нэг доллароор ч гэсэн ахиу дуудаж худалдаалахыг зорьж байгаа. Монголын баялгийг хөрөнгийн бирж дээр хямдхан зарахгүй. Сүүлийн үед хандалтууд нэмэгдэх нь ажиглагдаж байна. Мөн манай худалдааны гол түнш урд хөрш “Хөрөнгийн биржийн арилжаанд оролцож байж бид монголын нүүрсийг авах юм байна” гэдэг байр суурьт хүрч, дэмжиж байгаа гэж хэлж болно.

Мөн ЭТТ-ны хувьцааны 18.4 хувийг 2012.4.11-ээс өмнө төрсөн  2.5 сая иргэд эзэмшдэг. Энэхүү хувьцааг 2019 оны ашгаас 2020 онд ногдол ашиг өгч байсан. Харин одоогийн орлого дээр тулгуурлаад өмнөх зарчмаар 2.5 сая иргэдэд хувьцаа тараавал нэг иргэнд 100-110 мянган төгрөг оногдоно. Гэвч бид угаах үйлдвэрээ ашиглалтад оруулж ашгаа нэмэгдүүлсний дараа иргэддээ хувьцаа тараах саналтай байна. Энэ саналыг ТУЗ-ын 4 сарын 28-ны  хурлаар эцсийн шийдвэрлэнэ.  

Компанийн хувьд хэд хэдэн барагдуулаагүй өр төлбөр бий. 280-аад сая ам.долларын урьдчилаад мөнгийг нь авчихсан байсан өрийг нүүрсээр яаралтай барагдуулж дуусах шаардлага байгаа. Үүнийг хугацаанд нь төлж барагдуулах бүрэн боломжтой. Богино хугацаат өр төлбөрүүдийг тухай бүрд нь төлж барагдуулахаар цаашид ажиллах болно.

Борлуулалт нэмэгдэхийн хэрээр татвар бас нэмэгдэж байна. Эхний улирлын байдлаар 1 их наяд төгрөгийн татвар төлнө. Үүнийг хоёрдугаар улиралд төлж барагдуулна. Цаашид ч энэ байдлаар дараа улиралд нь төлж барагдуулж ажиллах болно” хэмээн танилцууллаа. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу