ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Шувуу ажиллагааны хүрээнд мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр гадаад улс руу оргон зайлсан этгээдийн талаар баттай мэдээллийг өгсөн хүнийг 10 мянган ам.доллароор урамшуулах талаар мэдээлсэн юм. 

Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Т.Бадамжунайг шалгах үйл явц ямар шатандаа яваа вэ?

-Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр иргэн Т.Бадамжунайг Филиппин улсаас шилжүүлэн авах ажиллагааг хийсэн. Одоогоор тухайн иргэнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа.

Мөн саяхан АТГ-ын мөрдөн шалгах албаны холбогдох алба хаагчидтай иргэн Ж.Төгсбаяр Унгар улсаас өөрөө холбогдоод, хэргээ шалгуулахаар ирсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2-т заасан гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүн.

Иргэн н.Болортуяа БНСУ-аас өөрөө мөрдөгчтэйгөө холбогдож ирээд хэргээ шалгуулж байгаа. Тухайн хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Ингэснээр мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явах нөхцөл бүрдсэн. 

Ойрын үед БНСУ-ын хууль сахиулагч нартай хамтарч тус улсаас хэд хэдэн этгээдийг албадан ирүүлэх чиглэлээр ажиллаж байна.

-Шувуу ажиллагаагаар Н.Удаанжаргалыг авч ирэх үү?

-Хууль сахиулах байгууллага, АТГ, ЦЕГ, Эрүүгийн цагдаагийн алба энэ чиглэлээр холбогдох улс орнуудын хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Шилжүүлэн авах ажиллагааг хийсний дараа дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ. 

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг авч ирэхээр ажиллаж байгаа юу?

-Бид хүн бүрт ялгамжгүй, адил тэгш хандах зарчим барьж ажиллаж байгаа. АНУ-ын Элчин сайд, Аюулгүй албаны хүмүүстэй удаа дараа уулзалт хийсэн. АНУ-д тийм ч хямд өртгөөр амьдарч чадахгүй. Тэгэхээр хаанаас санхүүжиж байгааг нь мөрдөн албууд шалгаж байна. Тодорхой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. 

-УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын тухайд?

-Ж.Мөнхбат өөрөө мөрдөх байгууллагуудтай холбогдоод, тайлбар мэдүүлгээ хугацаандаа ирж өгнө гэсэн байна лээ. 

-Иргэдэд төлбөр төлж, мэдээлэл авах нь хэр зохистой вэ?

-Хууль сахиулах байгууллагын тухайд иргэний өгсөн мэдээллийг үнэн эсэхийг тухайн улсын хууль сахиулах байгууллагуудтай эрх зүйн харилцан туслалцах гэрээний шугамаар харилцан мэдээлэл солилцоно.

Өмнө нь АТГ байгуулагдаад 17 жил болоход шилжүүлэн авах ажиллагаа хийж байсан тохиолдол байхгүй юм билээ. Энэ маш том дэвшил.

Зөвхөн авлигын гэмт хэрэг биш хүнийг санаатай хөнөөх, хулгай, дээрэм гэх мэт бусад гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг шилжүүлэн авна. Үүнийг идэвхжүүлэхийн тулд гадаадад байгаа монгол иргэдээс мэдээлэл авахаар шийдсэн. Ингэснээр тодорхой үр дүнд хүрнэ гэж бодож байгаа. 

-Кёкүшюзан Д.Батбаярт холбогдох хэргийг шүүсэн шүүгчдийг Сахилгын хороонд өгнө гэж та хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байсан. Энэ асуудал юу болж байгаа вэ?

-Тэгсэн. Шүүхийн шийдвэр нь албажиж гараагүй байх шиг байна. Албажиж гарсны дараа сахилгын хороонд хандана. Учир нь энэ бол гадаадын хөрөнгө оруулагчтай холбоотой асуудал. 

Сүүлийн гурван жилийн хугацаанд монголчууд бизнес хийхдээ тохиролцсоныхоо дагуу шударга байдаг гэсэн үзлийг эргүүлж авч ирэхгүй бол цаашид бидэнд хөрөнгө оруулалт ирэх асуудал хүндэрнэ. Мөн гаднын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн улс орон гэж би мэдэхгүй. Удахгүй баянгол дүүргийн шүүх дээр Хьюндай эмнэлэгтэй холбоотой асуудал шийдэгдэх гэж байх шиг байна. Чингэлтэй дүүргийн шүүхээс Английн бизнесмэн Макс Жонсонтой холбоотой асуудал удахгүй шийдэгдэнэ. Энэ мэтийн 50 гаруй гомдлоос одоогийн байдлаар 8 асуудал шийдэгдээгүй, 40 гаруй хэргүүд шүүхийн шатанд шилжсэн. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу