Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр мэдээлэл хийж “матаачид”-ыг 10 мянган ам.доллараар урамшуулна гэж мэдэгдэв. Тэрбээр “Засгийн газрын өчигдрийн хуралдаан дээр авлигатай тэмцэх төлөвлөгөөний хүрээнд “Шувуу ажиллагаа”-г эрчимжүүлэх, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр мөнгөн урамшуулалтай болгох шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдээд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан, ялангуяа гадаадад гарсан хүмүүсийн талаарх мэдээллийг 11-11 төвд мэдээлсэн иргэдийн мэдээлэл батлагдсан тохиолдолд тухайн мэдээлэл өгсөн иргэнийг 10 мянган ам.доллараар урамшуулах шийдвэр гарсан” гэсэн юм.

Нэг талдаа хулгайтай, авлигатай тэмцэх Засгийн газрын “Шувуу ажиллагаа”-г дэмжих нь зөв. Нөгөө талдаа угийн матаач монголчуудыг албан ёсоор 10 мянган ам.доллараар урамшуулна гэж аазгайг нь хөдөлгөв. Мөнгө олох хамгийн зугаатай хэрнээ, хүн чанар шалгасан урамшуулал энэ болно. 10 мянган ам.доллар нь одоогийн ханшаар 35 сая төгрөг болох юм. Гадаад улсад зугтсан иргэд жирийн танил, холын хүмүүстэй ойр байна гэж байхгүй. Тиймээс хамгийн ойр дотны найз, хамаатнуудыг нь матаач болгож мэдээллийг “худалдан” авах хэлбэр рүү шилжиж байна. Үүн дээр л хүн чанар харагдана, хэн нь хэн бэ гэдэг нь танигдана. Эхнээсээ ч 11-11 төвийн утсыг улайстал залгаж эхэлсэн байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна.

Монгол Улс 1937 онд хойд ах нарын захиалгаар төр, нийгмийн зүтгэлтнүүдийнхээ толгойд сум зоолгож байсан гашуун сургамж бий. Үүний араас 1960-аад оны хэлмэгдүүлэгт “матаач”-ын матаасаар эхэлсэн байдаг. Ойрын жишээ гэвэл, Монгол Улсын гавьяат эдийн засагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ц.Лоохуузыг дэргэдээс нь матсанаас болж 25 жил нутаг заагдаж, яс махтай нь хатаасан түүх бий. Ц.Лоохууз гуай Өвөрхангай аймагт нутагт заагдчихсан байхдаа агуулахад байсан ямар ч хэрэггүй болсон хурганы арьсыг илдэж 15 төгрөгөөр зарсныг нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар нэг “матаач” алтан хушуу хүргэж нутаг заагдсан дээр нь нэмээд зургаан жилийн ял сонсгосон гэх мэтчилэн “хүн чанар”-аа албан тушаалаас өгсөн хүмүүсийн балгийг биеэрээ мэдэрсэн хүмүүсийн амьдрал бодитоор гэрчилнэ. Тухайн үед МАХН-ын Төв хорооноос “Ц.Лоохуузын бүлгийг дарна” гэж улсынхаа шилдэг 320 сэхээтнийг өвлийн хүйтэнд тал тал тийш нь ачсан байдаг. Тэд бүгд өнөөдрийнх шиг 10 мянган ам.долларын бус албан тушаалын хэнээтэй хүмүүсийн гороор нутаг заагдсан гашуун түүх саяхных юм аа.

Матаачид Монголын төрд оруулсан нэмэр бий л байх. Матаачдын гайгаар Монголын төрийн сод хөвгүүд ч хэлмэгдэж явсан удаа байгаа гэдгийг мартаж болохгүй. Хэмнэлтийн горим гэж ард түмнийхээ бүсийг тасартал татсан Засгийн газар энэ удаа бэл бэнчингээ харуулж байна. Нэрс нь зарлагдсан 92 хүний хар толгой хаана хорогдож байгааг бат нот мэдээллээр хангавал 920 мянган ам.долларыг иргэд олгох нь. Монгол Улсын Засгийн газар хүн чанараа 10 мянган ам.доллараар худалдахыг албан ёсоор өчигдөр уриалав.

35 сая төгрөгөөр нэг хүний байршил, бодит мэдээллийг үнэлдэг төр байхад хамаатан, ах дүү, хамгийн дотны найзаа зараад ч болтугай мөнгөтэй болъё гэсэн хүн байгаа л байх даа.

Э.БОЛД

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу