Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн барьж буй талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл хүргэлээ.

Тэрбээр “Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийнхээ хүрээнд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан УИХ-ын даргад өргөн барьж байна. Энэ удаагийн  шинэчилсэн найруулгын төсөл нь долоон бүлэг 46 зүйлтэй.

Үүнээс онцлоход,

  • Улс төрийн намуудыг хариуцлагажуулах чиглэл рүү хандсан олон заалт тусгалаа. Улс төрийн намууд ёс зүйтэй зөв хүн нэр дэвшүүлэх, хөгжлийн бодлогод нийцсэн мөрийн хөтөлбөр гаргахаас авахуулаад хэд хэдэн зүйлийг тусгасан.
  • Улс төрийн намыг бодлогын институт болгон төлөвшүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байна. Улс төрийн намууд хөгжлийн бодлогоороо хоорондоо өрсөлдөж, уралддаг байх чиглэл рүү заалт орууллаа.
  • Улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод, нээлттэй болгох асуудал нэн чухал байна. Тийм учраас тайлан авдаг, аудит оруулдаг, иргэдээс авах хандивын хэмжээг ч гэсэн мөн тусгаж өгсөн.
  • Нийгмийн бүлгүүдийн болон хүйсийн тэгш оролцоотой байх талаар заалт оруулсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэх мэт шийдвэр гаргах түвшинд оролцоо бага байгаа нийгмийн бүлгүүдийн ашиг сонирхлыг тусгах асуудлуудыг тодорхой заасан.
  • Намын дотоод ардчиллыг бэхжүүлэх асуудлыг тусгалаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй улс төрийн 35 нам бүртгэлтэй байна. Эдгээрийн санхүүжилт ил тод бус, үүсгэн байгуулагчийн удирдлагаас шууд хараат буюу лидер тойрсон бүлэглэл маягийн хэлбэртэй байна гэж судалгаагаар гарсан.

Парламентад суудалтай улс төрийн намуудад өнөөдөр ч гэсэн төсвөөс мөнгө олгодог. Зөвхөн парламентад суудалтай намуудад төрийн санхүүжилт олгодог. Үүнийг өөрчилж,  парламентад суудалгүй ч идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа намуудад төрийн санхүүжилт олгохоор хуульд тусгасан. Нийт сонгогчдын хоёр хувиас дээш сонгогчдын санал авсан улс төрийн нам төсвөөс тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг авах боломж бүрдэж байгаа.  Харин сонгогчдын нэг хувиас дээш сонгогчдын санал авсан нам бол төсвөөс шууд бус дэмжлэг авах боломжтой. 

Мөн улс төрийн намууд нийт сонгогчдын хоёр хувийн саналыг авсан тохиолдолд төсвөөс дэмжлэг авахаар тусгасан. 1-2 хүртэлх хувийн санал авсан тохиолдолд мөнгөн бус дэмжлэг авахаар заасан.

Өөр нэг онцлох заалт нь, хандивын хэмжээг хязгаарлаж байгаа. Нэг хуулийн этгээд нэг улс төрийн намд жилдээ 27 сая төгрөгийн хандив өгөх эрхтэй. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх дүн.

Харин хувь хүнээс нэг улс төрийн намд хандив өгөх хэмжээг зургаа хүртэлх сая төгрөг болгосон. 

Мөн улс төрийн нам нэг данстай болж, тэр нь шилэн байна. Тухайн намд орж буй санхүүжилтийн 20 хувийг хөгжлийн бодлоготой холбоотой ажилд зарцуулсан байх шаардлагатай. Эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог хангах ажилд мөн тодорхой хувийг зарцуулсан байх ёстой. Хэрэв энэ шаардлагыг хангаагүй бол тухайн намын санхүүжилтийг зогсоож, улсын орлого болгохоор заасан. Үүнийг Сонгуулийн ерөнхий хороо хянана” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу