Өргөө амаржих газрын эмч нарын буруутай үйлдлээс болж, зургаан сартай хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон талаар иргэн Х.Эрдэнэцэцэг мэдээлэл хүргэлээ.

Тэрбээр өнгөрсөн 2022 оны аравдугаар сарын 4-нд Өргөө амаржих газарт амаржжээ. Төрөх явцад хүүхэд нь хүчилтөрөгчийн архаг дутагдалд орсон байна. Улмаар одоо гар хөл нь байнга татдаг, түнхний хөгжил дутуу, зүрхний цоорхойтой гэсэн оноштой болжээ.

Энэ тухай тэрбээр Би өнгөрсөн 2022 оны аравдугаар сарын 2-ны өглөө 8 цагийн үед миний ус гараад, Өргөө амаржих газарт ирсэн юм. Тэр үед эмч нар ээлж солих гэж байна гээд намайг хүлээлгэсэн. Ээлж солигдох хооронд үүдэнд нь хүлээгээд сууж байхад миний ус гарч л байсан. Ээлжээ сольж дуусаад намайг төрөхийн өрөөнд оруулж үзлэг хийгээд төрөх хугацаа нь болчихсон байна гээд төрөх хэсэг рүү оруулсан. Төрөхийн орны дээр гарсны дараа эмч үзээд энэ хүн өөрөөрөө төрөх боломжтой юм байна гэж хэлээд өрөөнд оруулсан.

Савны амсар маань нээгдсэн боловч өвдөлт өгөхгүй байсан учраас гурван удаа сэдээлт хийсэн. Гэсэн ч өвдөхгүй байсан болохоор яг энэ маягаар сэдээлт хийж төрөхийн өрөөнд хоёр хоног хэвтүүлсэн. Гурав дахь өдөр нь таны хүүхэд доошлохгүй байна гээд кесар хагалгаа хийж, төрсөн юм. Хагалгаа дуусаад хүүг маань шууд сэхээ амьдруулах тасаг руу шилжүүлээд, намайг мэс заслын тасагт оруулсан. Дөрөв хоногийн дараа хүүтэйгээ уулзахад битүү аппаратад залгачихсан байсан. Ингээд хүү бид хоёр Өргөө амаржих газарт сар 20 хоног аппараттай байсан. Дараа нь ЭХЭМҮТ рүү шилжүүлэхээр болсон Гэтэл бид хоёр хоёулаа ковидын халдвар авчихсан байсан учраас эх нялхас авахгүй эргээд Өргөө амаржихад ирсэн юм. Тэр үед энэ эмнэлэг надад аяга цай ч өгөөгүй, нэг ширхэг парацетамол ч өгөөгүй. Нөхөр маань л гаднаас бүхнийг зөөж байсан.

Хүү минь одоо зургаан сартай хэрнээ хоёр сартай хүүхэд шиг жижиг биетэй. Толгойгоо даадаггүй, нүд нь юм хардаггүй, гар хөл нь байнга татдаг. Ажилдаа сэтгэлгүй ханддаг эмч нараас болоод хүү маань ийм болчихоод байна. 

Төрөх явцыг маань удирдсан Өргөө амаржих газрын эмч н.Оргилсайхан, н.Мядагмаа нарт ямар ч сэтгэл байгаагүй. “Хүүхэд минь бүтлээ” гэж би эмч, сувилагчаас эхлээд дадлагын оюутанд хүртэл хэлсэн. Тэгэхэд “зүгээр, зүгээр зүрх нь цохилж байна. Залуу хүн байж тэвчээртэй бай. Чамд л үзлэг хийхгүй байна уу” гэж хэлж байсан.

Би маш их гомдолтой байна. Ээж, ааваа харж инээгээд, ах эгч нартайгаа тоглоод сууж байх байсан хүүхдийг минь ийм болгочихсон.

Өргөө амаржих газрынхан эхээсээ халдвар авсан гэж хэлдэг. Тэд нар өөрсдөө ус нь гарчихсан хүүхдийг гурав хоног өвтгөж ийм болгосон. Одоо нөхөр маань ажлаа ч хийж чадахгүй, манайх гэдэг айл санхүү, сэтгэл санааны хохиролд орчихоод сууж байна. Өдөр шөнөгүй татаж байгаа хүүхдээ аваад эмнэлгээр явсаар өдий хүрлээ” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу