-Өвөөгийнхөөс дугуйгаа авч ирсний хэрэг гарлаа шүү. Өнөөдөр өдөржин унаж, хүүхдүүдтэй тоглоно оо.

-Тэгээ миний охин, гэхдээ талбайгаас холдож болохгүй шүү. Алив, аав нь дугуйг нь бариад гарцаар гаргаад өгье.

Амралтын өдөр гэрээс гараад л ийн ярих аав, охин хоёртой гарцан дээр таарав. Тэд Сүхбаатарын талбайд болж буй дугуйтай өдөрлөгийг зорьж яваа аж. Охин зургаа орчим настай. Унадаг дугуй, хамгаалалтын малгай нь ягаан өнгөтэй, дэгжин гэж жигтэйхэн. Харин аав нь 30 орчим настай. Түүнийг дагаж л охин дугуй унах дуртай болсон байх. 

Хэд хэдэн дугуйчидтай таарсаар Халдвартаас Сүхбаатарын талбайд ирлээ. Дугуйгүй ирсэндээ ичээд, түрээсэлж унамаар ч юм шиг санагдав. Учир нь энд унадаг дугуй, скүүтэр, роликтэй хүүхдүүд, томчууд цуглажээ. Багачууд нь дугуйгаар уралдан тоглож, томчууд нь 2, 3-аараа цуглаж яриа өрнүүлцгээнэ. Ярианы сэдэв нь мэдээж дугуй, дугуй унах орчин нөхцөл. 

Хаврын нэгэн дулаахан өдөр тэдний ингэж цуглах болсны учир нь “Унадаг дугуйтай Улаанбаатар” өдөрлөг энд болох гэж байна. Хэрэв та анзаарсан бол, дөрөвдүгээр сарын 15-нд Улаанбаатар хотод анх удаа дугуйтай өдөрлөг болно гэх мэдээлэл олон хоног хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан даа. 

– Дугуй унах орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч, 2,9 км дугуйн гүүрэн зам барина –

12:00 цагт нээлт болж, Монгол Улсын Сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өдөрлөгийг нээж үг хэллээ. 

Тэрбээр “Улаанбаатар хотын замыг зөвхөн автомашинд зориулж хийсэн гэж иргэд маань ихээхэн шүүмжилдэг. Тиймээс бид энэ жилээс эхлэн явган хүний зам болон унадаг дугуйн замын бүтээн байгуулалт хийхэд онцгой анхаарч, дорвитой ажлууд хийх болно. Ингэснээр автозамын түгжрэл ч тодорхой хэмжээгээр буурна гэж тооцоолсон.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ унадаг дугуй, явган хүний замыг бодитойгоор эрс нэмэгдүүлэх үүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу Засгийн газраас ойрын үед 55 км дугуйн болон явган хүний замыг байгуулахаар төлөвлөж байна. Үүний зураг төсвийг нь гаргачихсан. Ирэх долоо хоногоос Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, төсвийг нь шийднэ.

Манай улс автомашинд зориулж гүүрэн байгууламж барьдаг байсан бол энэ жил анх удаа унадаг дугуйтай зорчиход зориулж 2,9 км дугуйн гүүрэн зам барих гэж байна. Мөн нийслэлийн 23 байршилд дугуйн болон явган хүний зам барьж байгуулна. 

Хотын төвдөө унадаг дугуйн зам байгуулаад, дэд бүтцээр дэмжвэл хотын төв хэсгээр замын хөдөлгөөнд оролцох машин 12,500-аар , хотын зах хэсгээр замын хөдөлгөөнд оролцох машин 22 мянгаар буурч, түгжрэлийг 10 орчим хувиар бууруулах бололцоо байна гэж үзэж байгаа.    

Тиймээс унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс өнөөдрийн энэ өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгөөр дугуйн засвар үйлчилгээ эрхэлдэг болон ногоон зээлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг танилцуулж, иргэдийн дугуй унах сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор уралдаан явуулахаар Монголын дугуйн холбоо болон НЗДТГ-тай хамтарч байна.

Түгжрэлийг бууруулах үндэсний хороо цаашид дугуй унаж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд онцгой анхаарна. Цахилгаан дугуй, скүүтэр, мопед зэргээр зорчих иргэдийн аюулгүй байдлыг хангаж, дугуй унаж буй иргэдээ дэмжих болно” гэлээ. 

Сонирхуулахад, Улаанбаатарчуудын тэн хагас нь буюу 49,2 хувь нь замын хөдөлгөөнд автомашинаар оролцдог аж. Харин 39,3 хувь нь автобусаар, 6,5 хувь нь явганаар хөдөлгөөнд оролцог бол ердөө 1,2 хувь нь дугуй унадаг гэж судалгаагаар дүгнэжээ.

Нийслэлийн иргэд бид автозамын түгжрэлд бүтээмжийн цагаа алддаг хэмээн уурлаж, бухимддаг ч автозамын түгжрэлийн эсрэг ямар хувь нэмэр оруулж байгаа билээ гэдгээ эргэж харах цаг болсон санагдана. Унадаг дугуйг өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлснээр түгжрэлийн эсрэг оруулж хувь маш том хувь нэмрээс гадна эрүүл мэнддээ оруулж буй маш том хөрөнгө оруулалт болж байна. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын хэлснээр дугуйчдаа дэмжин тэдний зорчих хэсгийг нэмэгдүүлэхэд анхаарах аж. Орчин нөхцөл бүрдэхийн хэрээр тээврийн хэрэгслийн хэрэглээ багасч дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх нь жилдээ ганц өдөр унадаг дугуйтай Улаанбаатар өдөрлөг бус өдөр бүр унадаг дугуйтай Улаанбаатар болох юм. 

– Нэг үеэ бодоход иргэд дугуй унах нь нэмэгдэж, дугуйн зам ч баригдаж байна. Одоо байгууллагууд гаднаа дугуйн зогсоолтой болоосой – 

Өдөрлөгт оролцож буй ахмад дилломатч, дугуйчин  Л.Хангайтай хэсэг хором ярилцлаа. 

-Сайхан өдөр байна, тийм ээ?

-Сайхан байна аа. Залуу хүн байж дугуй унаач.

-Олны дунд дугуй унана гэхээр одоохондоо зориг хүрэхгүй л байна. Хэдэн жил дугуй унаж байна, та?

-Бараг 50 орчим жил дугуй унаж байна. Багаасаа л унадаг байсан. Оюутан болоод бүх ард түмний спартикад, улсын аварга шалгаруулах тэмцээн гээд л бишгүй олон тэмцээнд оролцож явлаа. Тэр үед ч тамирчин байж дээ. 

-Одоо хэр их унаж байна. Өдөр тутамдаа дугуй унаж чадаж байна уу?

-Би гурван дугуйтай. Аяллаар явах үедээ уулын дугуйгаа авна, хаа нэг ахмадуудын тэмцээн болохоор уралдааны дугуйгаа унана. Нөгөөх нь өдөр тутамдаа хэрэглэдэг жижиг “юм” бий. 

-Дугуй унахын юу нь сайхан байдаг юм бэ. Залуучууддаа зөвлөж хэлбэл?

-Дугуй юу. Хэрэгтэй, хэрэгтэй. Олон давуу тал бий. Эрүүл мэндэд сайн. Өдөрт 20, 30 минут жийхэд л биеийн тамир болчихно шүү дээ. Заа тэгээд, түгжрэл ихтэй энэ хотод бол ажил амжуулахад яг тохирох эд. 

-Улаанбаатарт дугуй унах орчин нөхцөл хэр байна гэж бодож байна?

-Яахав, өнгөрсөн жилүүдийг бодоход сайжирч л байна. Төр засаг юу ч хийхгүй байна гэж хэлж болохгүй. Сайжраад л байгаа. 

10 жилийн өмнө… За больё, жилийн өмнөхтэй харьцуулахад иргэд маань дугуйны ач холбогдлыг ойлгодог болсон. Дугуй унадаг хүмүүсийн тоо ч нэмэгдсэн байна.

Бүтээн байгуулалтын тухайд ч улсаас дэмжээд, дугуйн зам байгуулаад эхэлчихлээ. Жишээлбэл, налайх хүртэл дугуйн зам тавьчихсан байна. Энэ бол том ахиц. Харамсалтай нь байгуулсныхаа дараа арчилж, тордохгүй орхичих юм. 

-Хотод дугуй унахад хүндрэлтэй зүйл байна уу. Миний анзаарснаар, хотод байгаа цөөхөн хэдэн дугуйн зам дээгүүр нь хүмүүс алхаад, зам тавьж өгөхгүй байгаа юм шиг санагдаад байдаг юм.

-Тийм. Бас нэг том асуудал нь дугуйн зогсоол. Нэг газар очоод дугуйгаа тавих гэхээр зогсоол олддоггүй юм. Том үйлчилгээний төвүүд, албан газрууд, их дээд сургуулиуд гаднаа дугуйн зогсоолтой болох хэрэгтэй байна. Тэгвэл хүмүүс дугуйгаар л зорчино шүү дээ. Нэг машины зогсох зайнд 10 гаруй дугуй тавьж болно. Цаашид хөгжих байх аа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу