Бие өвдөхөд хамгийн түрүүнд очиж, үзүүлэх газар нь өрхийн эрүүл мэндийн төв. Гэтэл өрхийн эмнэлгүүд нь цөөхөн ажилтантай учир оочер дараалал их, тоног төхөөрөмж дутмаг учир хийх оношилгоо шинжилгээ нь хязгаарлагдмал гэх шүүмжлэл бий. Энэ нь ч “20 жилийн өмнө ашиглалтад орсон, маш хүнд, Оросын эхоны аппарат ашигладаг. Гэрээр үйлчилгээ авдаг ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ үзлэг хийхийн тулд тогонд залгах шаардлагатай, том, хүнд аппаратаа үүрээд явдаг” хэмээх эмчийн ярианаас бүр илүү ойлгогдох биз.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тоног төхөөрөмжийн “зовлон”-г улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэж, тус дүүргээс сонгогдсон Ж.Сүхбаатар гишүүн эмч ажилчдад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нь хүлээлгэн өглөө.

Шинэ сэргэлт-Чингэлтэй” хөтөлбөрийн хүрээнд тус дүүргийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын бодлогод анхан, дунд шатны эрүүл мэндийн төвүүдийн тоног төхөөрөмжийг сайжруулах, боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлд Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар УИХ-ын гишүүний хувьд анхааран ажиллаж буй аж.

Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай 31 нэр төрлийн 82 тоног төхөөрөмжийг өгсөн юм. 

-Өрхийн эмнэлгүүдээ дэмжсэнээр 2, 3-р шатлалын эмнэлгүүдийн ачаалал буурна-

Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Цар тахлын үед иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахад маш хүндрэлтэй байсан. Тухайн үед хамгийн их ачаалалтай ажилласан хүмүүс бол өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчид.

Би Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд цар тахлын хүнд үед дүүргийнхээ өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажилчидтай цахим уулзалт хийж, ойр ажиллаж байсан. Үүний үндсэн дээр өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай байгаа төхөөрөмжийг нийтэд нь шийдэхээр болсон юм. Ингэж шийдэхдээ өөрсдийнх нь нэн шаардлагатай байгаа төхөөрөмжийн жагсаалтыг гаргуулан авч, жагсаалтыг нь харгалзаад төсөвт суулгасан.

Манай дүүргийн хэмжээнд 16 өрхийн эмнэлэг бий. Энэ эмнэлгүүдэд 31 төрлийн 82 төхөөрөмжийг хүлээлгэн өгч байна. Үүн дотор цус, шээсний шинжилгээнээс эхлээд маш олон нарийн шинжилгээ, оношилгооны төхөөрөмжүүд багтсан. Ингэж анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа өрхийн эмнэлгүүдийн чадамжийг дээшлүүлснээр 2, 3-р шатлалын эмнэлэг рүү явах иргэдийн тоо багасна гэж харж байгаа. Тун удахгүй иргэд маань энэ ажлыг үр дүнг хүртэнэ” гэлээ.

-Тоног, төхөөрөмжгүй учраас иргэдээ дараагийн шатлалын эмнэлэг рүү явуулдаг байсан, цаашид иргэддээ илүү олон үйлчилгээг үзүүлэх болсондоо баяртай байна-

Чингэлтэй дүүргийн 14-р хорооны Чин хүслэн ӨЭМТ-ийн дарга Г.Анхбаяр “Манай хороо 6,400 хүн амтай. Өрхийн эмнэлэгт маань тоног төхөөрөмж дутуу учраас хорооны иргэдээ 2, 3 дугаар шатлалын эмнэлэг рүү явуулдаг байсан юм. Эмнэлэгт маань  шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг өгснөөр эмнэлгийн үйл ажиллагаанд ахиц, дэвшил гаргах чухал хөрөнгө оруулалт болж байна. Манай эмнэлэгт гэхэд, биохимийн бүрэн аппарат, анализатор, сэргээн засах физик эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг олгож байгаа. Мөн цус, шээсний шинжилгээний аппарат, зөөврийн эхо өгсөн” гэлээ.

-Хуучны, хүнд эхоны аппаратаа үүрээд явдаг байлаа, одоо илүү хялбар болох нь-

Чингэлтэй дүүргийн 10-р хорооны Мөнхбаясгалант ӨЭМТ-ийн дарга С.Одчимэг “Манай хороонд 9000 гаруй иргэн бий. Өрхийн эмнэлгээр маань өдөрт дунджаар 40-60 хүн үйлчлүүлдэг.

Өмнө нь бид өөрсдийн хөрөнгөөрөө болон иргэдийн тусламжтайгаар цусны ерөнхий шинжилгээний бүрэн автомат төхөөрөмжийг авч байсан юм. Энэ удаад УИХ-ын гишүүн биднийг дэмжээд биохимийн бүрэн автомат төхөөрөмж, эхоны аппарат өгч байна. 

Бид 2005 оноос хойш хуучин эхо аппарат ашигладаг байсан. Энэ удаа бидэнд хамгийн сүүлийн үеийн үзүүлэлттэй аппарат өгч байгаа. Үүнд нь маш их талархаж байна. 

20 жилийн өмнө ашиглалтад орсон, маш хүнд, Оросын эхоны аппаратыг гэрээр үйлчилгээ авдаг ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ үзлэг хийхийн тулд үүрээд явдаг байлаа. Харин шинээр өгч байгаа энэ аппарат нь цэнэгээ өөр дээрээ хураадаг, авсаархан юм байна. Тэгэхээр бидэнд ч амар, үйлчлүүлж байгаа иргэдэд маань ч амар болох нь.

Өрхийн эмнэлгүүд тоног төхөөрөмжийн хувьд ингэж чадавхжсанаар олон иргэнд хүрч ажиллах боломж бүрдэж байна гэсэн үг” гэсэн юм. 

-Өрхийн эмнэлгийн эмч ажилчдаа сургалтад хамруулж, тоног төхөөрөмжөө ашиглахад нь сургана-

Тоног төхөөрөмжөө бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахын тулд чадвартай боловсон хүчин чухал. Тиймээс Эрүүл мэндийн яамтай хамтраад эмнэлгийн ажилчдаа сургах, чадавхжуулах, тоног төхөөрөмжөө зөв ашиглахад анхаарах талар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар онцолсон юм.

Мөн тэрбээр эмч нарт хандан “Манай дүүрэгт тэр бүр эмнэлэгт очиж үйлчлүүлж чаддаггүй, гэртээ үйлчилгээ авах сонирхолтой иргэн олон бий. Тийм учраас эмч нартаа нэг зүйлийг маш сайн захиж байгаа. Амьжиргаа муутай, бүртгэл нь зөрчилтэй гэх мэт асуудлаас болоод эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй хүмүүст сэтгэл гаргаж туслаарай гэж хичээнгүйлэн хүсэж байна” гэлээ.

-Ирэх онд эрт илрүүлгийн төвийг ашиглалтад оруулж, дүүргийн нэгдсэн эмнэлгийг шинээр барихад анхаарна-

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах хүрээнд ирэх онд хэд хэдэн ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 14-р хороонд Эрт илрүүлэг, оношилгооны төв байгуулахаар болж, өнөөдөр суурь цутгалтын ажлыг нь эхэлж буй аж. Улмаар уг төвийн барилгын ажлыг энэ жил дуусгаж, ирэх жил ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Мөн дүүргийн нэгдсэн эмнэлэг хуучирч, цаашдаа үйлчилгээ явуулах боломжгүй болсон учраас шинээр нэгдсэн эмнэлэг барьж, байгуулах чиглэлд анхаарч байгаа гэдгийг ч мөн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар онцолсон юм.  

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу