Хуулийн байгууллагаас Гашуунсухайт боомт дахь төлөөлөгч Ш.Эрдэнэжаргал, Б.Наранхүү, М.Дөлгөөн нарын гурван хүнийг 48 цагаар цагдан хорих байранд саатуулжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар БНХАУ 2023 оны нэгдүгээр сарын 8-нд хилээ нээсэн. Үүнтэй холбоотойгоор бөмбөлөг тээвэр үүсгэх шаардлагагүй байхад бөмбөлөг үүсгэж, нүүрс тээврийн компаниудад хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулсан гэж мэдээлж байгаа юм.

Бөмбөлөг тээвэр үүсгэх шийдвэрийг Хилийн боомтын сэргэлтийн үндэсний хорооноос гаргадаг байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Гашуунсухайт боомт дахь төлөөлөгч Ш.Эрдэнэжаргал, Б.Наранхүү нар нь энэ шийдвэрийг нь гүйцэтгэх түвшний мэргэжилтнүүд, шийдвэр гаргах түвшний албан тушаалтан биш гэдгийг хэлж байна.

Авлигатай тэмцэх газраас /2022.12.13/ нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Тухайн үед албаныхан “АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, тээвэрлэлт, борлуулалт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдаж авах хэргиг шалгаж байна. Нийт 22 хэргийг мөрдөн шалгаж байна. Долоо нь мөрдөн байцаалтын хэрэг. Мөрдөн шалгалтын явцад одоогоор 47 обьектод нэгжлэг хийж, 15 хүнийг баривчилж, 10 хүнийг цагдан хориод байна. Цагдан хоригдсон хүмүүс болон гэрч нараас мэдүүлгийг авч байгаа. Мөрдөн шалгалтын ажил дээр мөн ажлын дэд хэсэг байгуулсан. Одоогоор 35 хүнийг яллагдагчаар татсан. Хахууль авах гэмт хэрэгт 16 хүн, албан тушаалаа урвуулсан гэмт хэрэгт найман хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих хэрэгт хоёр хүнийг гэхчлэн яллагдагчаар татсан” гэж мэдээлж байв.