Монгол Улс 1992 оноос хойш УИХ-ын найман сонгуулийг хийхдээ мажоритар буюу тойргоос сонгох системээр 7, пропорциональ системээр нэг удаа сонгууль явуулсан. Ингэхдээ парламентын гишүүдийн тоо 76 байсан юм. Тэгвэл 2024 оны сонгуулийн хувьд нэлээд өөрчлөлтийн дор иргэд саналаа өгөхөөр байна. Ямартай ч сонгуулийг угтуулан Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьж, хэлэлцэхэд бэлэн болсон.

Тэгвэл өнгөрөгч баасан гарагт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд боловсруулсан хуулийн төсөлдөө Засгийн газар санал авч эхлэв. Тиймээс ирэх долоо хоногт ҮХНӨ-ийн төсөл Их хурлын босго давж, хэлэлцэх асуудлын дараалалд орж ирэх нь. Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, ҮХНӨ гурав зэрэг явахгүй бол аль нэг нь гацахад төсөөлж байсан үр дүндээ хүрэхэд бэрх.

Хамгийн гол нь ҮХНӨ-ийн төсөлд УИХ-ын гишүүдийн тоо 152, сонгуулийг мажоритар, процорциональ хэлбэрээр явуулахаар тусгажээ. Үүнийгээ хуулийн төсөл санаачлагчдын зүгээс “Мажоритар сонгуулийн тогтолцоо нь иргэдийн санал гээгдэх, тойргийн явцуу ашиг сонирхол улс орны эрх ашгаас өндөрт тавигдах, олон нийтэд танигдсан, хөрөнгө санхүүгийн боломжтой хүмүүст давуу байдал үүсгэх зэрэг сөрөг талыг бий болгож ирсэн. Үүнийг шийдвэрлэх арга зам нь мажоритар болон пропорциональ аргын давуу талуудыг тусгасан сонгуулийн холимог тогтолцоо юм. Үндсэн хуульд энэ тогтолцоог заах нь сонгуулийн хуулийг тогтвортой байлгах, намууд сонгуульд шударгаар өрсөлдөх, иргэдэд ойлгомжтой байх, гадаадад байгаа иргэний сонгох эрхийг баталгаажуулах сайн талтай.

Монгол Улсын Үндсэн хуулийг анх батлах үед Улсын Их Хурлын гишүүний тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэн нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөх замаар 76 гишүүнтэй байхаар хуульчилсан. Харин өнөөдөр нэг гишүүн 44.7 мянган иргэнийг төлөөлж, бараг хоёр дахин нэмэгдэж, төлөөлөх чадамж алдагдахад хүрч байна. Хэт цөөн гишүүнтэй парламентын хувьд хууль тогтоомж цөөн хүний үзэмжээр батлагдах, нэг гишүүнд эрх мэдэл хэт төвлөрөх, зүй бус нөлөөлөл орох, хуулийн чанар муудах, хуулийн биелэлтэд тавих хяналт сулрах эрсдэл үүсдэг. Олон улсад парламент нь дунджаар 150-аас доошгүй гишүүнтэй байдаг. Тиймээс төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцлийг хангах, иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын гишүүдийн тоог хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэхээр төсөлд тусгав.

Гэхдээ нэг зүйл маш ойлгомжтой байгаа нь парламентын гадна байгаа улс төрийн намууд жагсаалтаар парламентын босго давах бүрэн боломж нээгдэх юм. Улс төрийн намуудад гурван хувийн босго тавьж өгснөөр УИХ-д суудалтай намуудын тоо нэмэгдэх нь гарцаагүй. Тиймээс олон намын тогтолцоотой парламентыг бий болгоно гэж байгаа. Үүнийг эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Парламентад суудалгүй намууд ч гэсэн гурван хувийн босго давж парламентад суудалтай болох сонирхол маш өндөр байгаа тул улаан нүүрээ улалзуулаад ч хамаагүй эрх баригчдын төслийг дэмжиж байгаа юм. Тиймээс гудамжинд яваа БНН-ын дарга Буян Жагаа, лайвчин, Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар, МНН-ын дарга О.Бум-Ялагчаас эхлээд хар залуугаасаа өтөл хүртлээ парламентад орохыг мөрөөдөж, зүүдэлж ирсэн хүмүүсийн хүслийг хангаж өгснөөр гурван хуулийн төсөл гацаа багатай урагшилна.

Энэ удаагийн ҮХНӨ-ийн төсөлд ямар өөрчлөлт орж байгааг танилцуулья.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТ

Нэгдүгээр зүйл

Монгол Улсын Үндсэн хуулийн дараахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

“1.Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн далан зургааг мажоритар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно.”

Одоо мөрдөгдөж байгаа нь:

1.Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна.

2/Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг:

“1.Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай маргааныг уул эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэний өргөдлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж эцсийн шийдвэр гаргана.”

Одоо мөрдөгдөж байгаа нь:

1.Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.

Хоёрдугаар зүйл

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “төрийн дээд байгууллагууд” гэснийг “төрийн эрх барих дээд байгууллага” гэж, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “томилно” гэснийг “томилох бөгөөд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэгээс илүү удаа дахин томилохыг хориглоно” гэж, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр” гэснийг “Улсын Их Хурал, түүний нийт гишүүний аравны нэгээс доошгүй гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн тухай” гэж тус тус өөрчилсүгэй.

Гуравдугаар зүйл

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван ес1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу