Шилэн ажиллагааны хүрээнд Ашигт малтмалын орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг ил болгож, shilen.gov.mn сайтад байршуулж буй талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Ашигт малтмалын ордын ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийг төрийн, хувийн өмчит болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг үл харгалзан бүрэн нээлттэй болгож байна.

Нийт 6,178,816 га газар ашигт малтмалын лицензийн зөвшөөрлийг өнгөрсөн хугацаанд олгосон байна. Үүнээс 4,334,994 га газарт хайгуулын 885 лицензийг 1,843,825 га газарт ашиглалтын 1,713 лицензийг тус тус олгосон байна. Өнөөдрийн байдлаар нийт 2,598 лицензээс 41 нь идэвхгүй, 2,557 нь идэвхтэй байна. 

Уул уурхайн салбар ил тод байвал улс орны эдийн засаг эрүүл байна. Учир нь манай улсын экспортын орлогын 93 хувь нь уул уурхайгаас бүрддэг. Уул уурхайн салбар хаалттай бол нийтийн мэдээллийн ил тод байдал, авлигагүй монгол, шилэн төр, шил ажиллагаа гэх мэт үг, зорилго даалгавар цаасан дээр үлдэнэ. 

Лиценз ашиглаж, эзэмших нь гэмт хэрэг биш. Төрөөс зөвшөөрлөө авч, татвар хураамжаа төлж, ажил олгож, цалин тавьж, байгаль орчныг нөхөн сэргээдэг бүх компанийг хавтгайруулан буруутгах нь эдийн засгаа хорлож байна гэсэн үг. 

Бүх компанийг буруутгаж, хэвийн үйл ажиллагаанд нь саад учруулах нь долларын ханш өсгөж, төгрөгөө үнэгүйдүүлж, өөрсдийнхөө цалин орлогыг цаас болгож, өөрсдийгөө үнийн өсөлтөөр торгож байна гэсэн үг. 

Тийм ч учраас энэхүү лицензийг ил болгосноор хэн гэдэг, ямар эзэмшигч эзэмшиж байгаа талаарх мэдээллийг иргэд үнэн зөвөөр нь мэдэх боломжтой болно” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу