УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2023.04.17/ болж, Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжжээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнөөдрийн хурлаар нэг асуудал хэлэлцсэн. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчөөс Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найуулгын төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Энэ асуудлыг өнөөдрийн бүлгийн хурлаар хэлэлцлээ. 

Хуульд тусгасан дөрвөн гол заалтыг онцолж хэлье.

  • Нэгдүгээрт, Улс төрийн намыг хариуцлагажуулах, хариуцлагыг нь дээшлүүлэх чиглэлд томоохон өөрчлөлт орж байгаа. Улс төрийн намыг хариуцлагатай болгох зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, хоёр сонгууль дараалан УИХ-ын сонгуульд оролцохгүй байвал идэвхгүй байдал руу шилжүүлж, хариуцлага тооцох, тараах зэргээр арга хэмжээ авахыг тусгасан.
  • Хоёрдугаарт, Улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна. 
  • Гуравдугаарт, Улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох. Санхүүгийн тайлангаа ил тод, нээлттэй байлгах ёстой. Ингээгүй тохиолдолд хариуцлага тооцдог тогтолцоог бий болгоно. 
  • Дөрөвдүгээрт, Улс төрийн намыг бүртгэх, үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавих чиг үүргийг Сонгуулийн ерөнхий хороонд өгч байгаа. 

Ийм онцлогтой хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж бүлэг үзлээ. Энэ долоо хоногт Байнгын хороод болон УИХ-аар хэлэлцэнэ. УИХ дэмжсэн тохиолдолд ирэх долоо хоногт ажлын хэсэг гараад хаврын чуулганаар хэлэлцэж батална” гэлээ. 

Үүний дараа сэтгүүлчид асуулт асууж, бүлгийн гишүүд хариуллаа. 

-Өргөн бариагүй ч гэсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар иргэдийн саналыг авч эхэлсэн. Парламентын гишүүдийн тоог 152 болгох хувилбараар оруулж ирсэн байсан. Энэ талаар бүлэг ямар байр суурьтай байна?

-Өнгөрсөн наймдугаар сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар УИХ-аас 54 дүгээр тоот тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Засгийн газар энэ дагуу ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт parliament.mn болон Засгийн газрын сайтууд дээр төслөө албан ёсоор тавьсан. Төсөл тавих тодорхой хугацаатай. Хугацааны дараа Засгийн газар хэлэлцэнэд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барина гэж ойлгож байна. Өргөн баригдсаны дараа УИХ хэлэлцээд явна. Гэхдээ УИХ хэлэлцэхдээ хоёр зүйлд анхаарна. Үндсэн хууль бол хоёр зүйлийг заавал үндэслэж явдаг. Нэгдүгээрт, иргэд, сонгогчдын саналыг харгалзан үзнэ. Хоёрдугаарт, парламентад суудалтай намууд зөвшилцөж байж явна. Төслийг тав, зургаадугаар сард багтаан хэлэлцэх байх.

-Идэвхгүй нам гэдгийг ямар статусаар ойлгож байгаа вэ. Нэгэнт идэвхгүй ангилалд орсон нам хуулиар тодорхой хариуцлага хүлээх үү?

-УИХ-ын сонгуульд хоёр удаа дараалан оролцоогүй болон оролцсон ч амжилт олоогүй намуудыг идэвхгүй нам гэх ангилалд оруулна Мөн санхүүгийн тайлангаа гаргаж өгөөгүй буюу санхүүгийн мэдээлэл нь ил тод биш байгаа бол, дөрвөн жилд нэг удаа намын төлөөллийн төв байгууллага буюу намын их хурлаа хийгээгүй бол тухайн намыг идэвхгүй болгоно. Идэвхгүй байх хугацаа нь хоёр жил байна. Хоёр жилийн хугацаанд энэ байдлуудаа эргэн засаж чадаагүй бол тэр намыг татан буулгах асуудлыг авч хэлэлцэнэ. 

-Улс төрийн нам хамгийн багадаа нийт сонгогчдын 3 хувиас дээш санал авсан бол улсын төсвөөс санхүүжнэ гэсэн заалт байсан. Санхүүжилтийг хэрхэн тооцож олгох вэ?

-Улс төрийн намуудыг санхүүжүүлэхтэй холбоотой асуудлыг тодорхой, нарийн тусгаж өгсөн. Нэгдүгээрт, сонгогчдоос авсан саналын тоогоор санхүүжүүлэх системийг бий болгосон. Энэ бол амьжиргааны баталгаажих түвшний доогуур буюу 0,5 хувь гэж байгаа. Тэгэхээр бага гэсэн үг. Хоёр дахь нь бол УИХ-д байгаа суудлынхаа тоогоор санхүүжилт авна. Өөр санхүүжилт байхгүй. 

Босго нь гурван хувь. Сонгогчдын гурван хувийн санал аваагүй нам бол санхүүжилт авахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хоёр сая сонгогч санал хураалтад оролцлоо гэж бодоход 60 мянгаас дээш сонгогчийн санал авсан намд л санхүүжилт өгнө. 

-Улс төрийн намын жинхэнэ санхүүжүүлэгчид нь ил болдоггүй асуудал бий. Үүнд ахиц дэвшил гарсан уу? 

-Орлого, зарлагын асуудлыг хууль дээр маш нарийн тусгасан. Тухайн намд хоёр төрлөөр дэмжлэг үзүүлнэ гэж өмнө нь хэлсэн. Түүнийг юунд хэрхэн зарцуулах вэ гэдгийг хүртэл хуульд оруулсан. Тайлангаа хугацаандаа гаргаж өгөөгүй эсвэл зөрчилтэй, хандивлагч нь хууль зөрчсөн байх юм бол үүнийг СЕХ зарлаж, идэвхгүй болгох юм. Хамгийн том хариуцлага нь улс төрийн намыг идэвхгүй болгох бөгөөд мөнгөн торгуулийн хариуцлага гэж байгаа. 

-Үндсэн хуульд байн байн гар хүрэх нь хэр зохистой вэ. Мөн Цэцийн гишүүнийг нэг удаа, зургаан жилээр сонгоод, дахин сонгох боломжгүй болсон. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

–Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Одоо хийж байгаа өөрчлөлтүүд 2019 онд хийх гэж өргөн бариад дутуудуулаад тухайн үедээ хийж чадаагүй дутуу асуудлуудаа л хийж байгаа гэж ойлгож болно. Гишүүдийн тоог нэмэгдүүлэх, холимог тогтолцоонд орох, Үндсэн хуулийн Цэцийн гишүүд нэг удаа сонгогддог болох зэрэг бүгд 2019 онд яригдаж байсан. Зарим нь санал хураалтын явцад унасан. Тийм учраас энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт бол 2019 онд хийх гээд чадаагүй асуудлаа гүйцээх, парламентын тогтолцоогоо боловсронгуй болгох чиглэлээр хийгдэж буй өөрчлөлтүүд. Хуулийн хүрээнд эдгээр заалтуудыг хориглоогүй.

-Үнийн өсөлт “тэнгэрт хадаж” байна. Үүн дээр тодорхой шийдэл иргэдэд хэрэгтэй байна?

-Өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хурлаар үнийн өсөлт, инфляци, эдийн засгийн тэлэлт, экспорт, импортын асуудлаар Эдийн засгийн хөгжлийн сайд болон бусад холбогдох сайдуудын мэдээллийг сонссон. Хил, гааль нээгдсэнтэй холбоотойгоор тодорхой хүрээнд үнэ нь буурах, өсөх тохиолдол ч бий. Тээвэр ложистик, валютын ханштайч холбоотой асуудлууд ч бий. Тодорхой чиглэлүүдийг сайд нарт нь өгсөн. Цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудал бий. Энэ хүрээнд үүнийг судлах ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлаар ч мөн ажиллаж байна. Зарим бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломж бүрэн бий.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийг парламентаас сонгох эсэх асуудал олон жил яригдсан. Энэ удаагийн өөрчлөлтөөр энэ асуудал ерөөсөө орж ирээгүй байна?

-Хууль санаачлагчид уг асуудлыг одоогоор оруулж ирээгүй байна. Гэхдээ энэ асуудал олон талтай учраас шууд хэлэлцэхэд хэцүү. Бид хоёр танхимтай парламенттай болох, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох гэх мэт цаана нь үлдэж байгаа томоохон асуудлууд бий. Цаашид олон намаас бүрдсэн парламент бий болвол тэд хэлэлцээд явах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу