УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар өнөөдөр /2023.04.17/ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцжээ. Бүлгийн хуралд тус намын гишүүн Х.Тэмүүжин оролцож, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэсэн байна. 

Энэ тухайгаа тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг цомхон хийх ёстой. Цомхон хийхдээ тодорхой зүйл заалтад хийх гэж байгаа бол бүрэн гүйцэд хийх хэрэгтэй. Дутуу хийснээс болоод богино хугацаанд дахин гар хүрэх, ямар нэг арга залиар асуудлыг шийдэх гэж оролдох улс төрийн үйл явц гарч, Үндсэн хуулийн тогтворгүй байдлыг бий болгох эрсдэл тулгарна.

2019 оны нэмэлт өөрчлөлтөөр АН-ын баримталж байсан гурван гол зүйлийн нэг бол сонгуулийн тогтолцоо байсан. Сонгуулийг холимог системээр явуулах нь зөв гэдэг саналыг бидний зүгээс тавьж байсан. Харамсалтай нь энэ санал дэмжигдээгүй. Гэтэл эрх баригч намаас дахин энэ саналыг гаргаж ирж байна. Бид өмнөх байр сууриндаа байж, үүнтэй санал нийлнэ. Гэхдээ Үндсэн хуульд хувь заахгүйгээр холимог тогтолцоо байх тухай тусгах нь зүйтэй. Өнөөдрийн сэтгэл хөөрлөөр шийдэж буй зүйл улс орны дараагийн хөгжилд садаа болохгүй байх ёстой. 

Бас нэг асуудал нь иргэд үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан зохион байгуулсныхаа төлөө ял эдэлдэг байдал өнөөдөр байна. Хэрэв иргэд эрхээ хамгаалуулахаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргадаг байсан бол эл асуудал аль эрт шийдэгдэх байсан. Харамсалтай нь энэ ажил хийгдэхгүй байгаа учраас 30 жилийн турш Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөө зөвхөн цаасан дээр үлдсэн. Энэ байдлыг дахин 30 жил үргэлжлүүлж, 60 жилийн асуудлын хуримтлал үүсгэж болохгүй. Шийдвэр гаргагчдын зүгээс иргэний үндсэн эрхийг Үндсэн хуулийн цэцэд хянах чиг үүрэг өгвөл ачааллаа дийлэхээ байна гэж ярьдаг. Гэхдээ ачааллаасаа айгаад дахиад 60 жил хуримтлал үүсгэнэ гэдэг бол иргэнийхээ эрхийг хог дээр хаяж байна гэсэн үг. Ачаалал даах хэмжээний ур чадвартай Цэцийн гишүүдтэй болох хэрэгтэй. Үндсэн хуулийн цэц ажлаа хийх ёстой. Тэр ажлыг нь хийж чадах чадвартай гишүүд тэнд томилогддог байх ёстой. 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа бол Цэцтэй холбоотой зүйл, заалтуудыг бүрэн дүүрэн шийдэх ёстой. Жижиг, түр зуурын засвар хийх нь Үндсэн хуулийг улам сул дорой болгоно.

Засгийн газраас гаргасан санал асуулгад ороогүй боловч Үндсэн хуульд заавал орох ёстой хэд хэдэн асуудал байна. Бид цаазаар авах ялыг албан ёсоор халсан ч Үндсэн хууль дээрээ энэ талаарх бичвэртэй байх нь хэр зохимжтой вэ гэдгийг эргэж харах хэрэгтэй.

Мөн шүүхтэй өдөр бүр өрсөлдөж байгаа прокурорын тогтолцоог уг хуулиас хасах шаардлагатай байх. Шүүх эрх мэдэлд ордоггүй, бусад улсын тухайд гүйцэтгэх эрх мэдлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлын нэг хэсэг байдаг байгууллагыг Үндсэн хуульд бичсэнээр хонгил, шударга бусын хэлмэгдүүлэлт газар авч байна гэдэг үзэл бий. 

1992 оны Үндсэн хуульд дутуу бичигдсэн байгаа Үндсэн хуулийн дархлаа гэдэг зүйлийг анхаарах хэрэгтэй байна. Сая бол давхар дээл нөмрөхийн тулд Үндсэн хуульд бичигдээгүй зүйл, заалтаар Үндсэн хууль хоорондоо зөрчилдөж байна гээд Үндсэн хуулиар олгогдоогүй эрх үүргээр цэцээр шийдвэр гаргуулж байгаад шийдчихлээ. Ардчилсан улс орны замаар явъя гэж бодож байгаа бол Үндсэн хуульдаа дархлааны талаар тусгах хэрэгтэй. Монгол Улсын тусгаар тогтнол, парламентын засаглал, хүний эрх болон эрх мэдлийн хуваарилалтыг дордуулахгүй байх чиглэлд  эргэн харах шаардлагатай” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу