Ойрын өдрүүдэд цаг агаар муудаж, хашаа байшин нурах, эрчим хүчний шон унах, зам даваа хаагдах хэмжээний хүчтэй цасан шуурга шуурах талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. 

Энэ талаар Цаг Уур, Орчны Шинжилгээний Газрын хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Энэ жил салхи, шуурга нэлээд ихтэй хавар болж байна. Маргаашнаас баруун аймгуудын нутгаар эхлэх үзэгдэл цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрэхээр байна. 

2023 оны дөрөвдүгээр сарын 17-18-нд шилжих шөнө буюу өнөө шөнө Баян-Өлгийн аймгийн нутгаар хүчтэй салхины аюултай үзэгдэл, 18-ны өдөр Увсын өмнөд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун болон хойд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурганы гамшигт үзэгдэл болно. Мөн Завхан, Архангайн нутаг, Баян-Өлгийн хойд, Ховдын өмнөд, Баянхонгорын баруун хэсгээр хүчтэй  салхины аюултай үзэгдэл, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн нутаг, Хөвсгөлийн баруун өмнөд хэсгээр шороон шуурганы аюултай үзэгдэл ажиглагдана. Энэ хүчтэй салхины аюултай үзэгдлийн үеэр салхины хурд секундэд 18-20 метр/секунд, зарим үед 24 метр/секундийг давж, гамшигт үзэгдлийн үеэр салхины хурд 24-28 метр/секунд, зарим үед 34 метр/секунд давж хүчтэй салхилах төлөвтэй байна. 

Шороон шуурганы үеэр үзэгдэх орчин нэлээд хязгаарлагдана. Мөн энэ үеэр баруун аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Агаарын температурын тухайд өмнөхөөсөө 10-15 градусаар илүү хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 

Үүнтэй адил хэмжээний цаг агаарын үзэгдэл болох үед өмнө нь эрчим хүчний шон унах, хашаа байшин нурах, зам даваа хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах гамшиг болж байсан. Тиймээс гадаа болон хээр явж байх үедээ анхаарал болгоомжтой байгаарай.

Эрчим хүч, зам тээвэр, мал аж ахуйн салбарт нэлээд хохирол учрах эрсдэлтэй байгаа тул байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг иргэн, аж ахуй нэгжүүддээ анхааруулж байна. 

Баруун аймгуудаар ажиглагдах эл үзэгдэл 19-нд говийн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар дайран өнгөрөх тул тус аймаг, орон нутгийн иргэд бэлтгэл, бэлэн байдлаа хангахыг зөвлөе” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу