Монгол Улсын Засгийн газрын 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг салбар яамдад шилжүүлсэн билээ. Үүний дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газар, харьяа байгууллагууд 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын салбар дундын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.                                             

“Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-ын 3 дугаар зүйлд заасны дагуу 2023 онд хийх хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах 3 шалгуур үзүүлэлтээр 26196 объектыг эрсдэлийн үнэлгээнд хамруулж, мэдээллийн сан бүрдүүлжээ. Үнэлгээнд хамрагдсан обьектоос хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийгмийн аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй  6563 обьект /25.1%/ нь эрсдэл их , 12633 обьект /48.3%/ нь эрсдэл дунд үнэлэгдсэн байна. Эрсдэл үүсэх магадлал багатай 7000 обьект /26.7%/-ыг төлөвлөгөөт хяналт шалгалтаас чөлөөлж, мэргэжил , арга зүйн зөвлөгөө өгч ажиллах юм.  

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/42 тоот тушаалаар их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 2413 объектод хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр батлуулсан. Төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдах нийт объектын 30.6% нь барилга, зам тээвэр, 28.9% нь боловсруулах үйлдвэр, 19.4% уул уурхайн салбарын аж ахуй нэгж, байгууллага байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хяналт шалгалтын төлөвлөгөөг яамны бодлогын зорилт, стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй уялдуулан объектын эрсдэлийн ангиллыг харгалзан Засгийн газрын 2023 оны “Хяналт шалгалтын төлөвлөгөө батлах тухай” 79 дүгээр тогтоолоор батлуулжээ. Мөн энэ онд барилга, зам тээвэр, боловсруулах үйлдвэр, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон нийгмийн хамгааллын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхээр төлөвлөөд байгаа аж. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу