Хорвоо өөрөө хоржоонтой юм даа. Н.Удаанжаргал нь 2022 оны есдүгээр сарын 20-ны өдөр БНСУ руу хил давсан бөгөөд түүнийг Монгол Улсыг орхин гарснаас хойш таван сарын дараа нүүрсний хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, хилийн хориг тавьсан байдаг. Яллагдагч Н.Удаанжаргал Монголд байхгүй ч түүнд холбогдох хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Түүнээс 700 мянган ам.долларын хадгаламж, таван тэрбумын үл хөдлөх хөрөнгө илэрсэн гэх мэдээлэл бий. Тэгвэл нүүрсний хулгайн хэрэгт холбогдохоо мэдсэн даруйдаа Монгол Улсыг орхин гарсан Тавантолгой төмөр зам компанийн захирал асан Н.Удаанжаргал гэнэт гарч ирэв.

Гарч ирэхдээ Нүүрсний хэргийг Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболдоор өөрийнхөө өмнөөс “Нүүрсний сонсголд цахимаар оролцьё” хэмээн үг хэлүүлж байгаа юм. “Том гар”-ын нөхөр л Их хурлын гишүүнийг өөрийнхөө өмнөөс яриулж чадна. Тэгэхээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал жараахай биш байгаа биз. Түүний хувьд Монголд ирэх сонирхолгүй болохоо энэ үгээрээ баталлаа. “Би нүүрсний сонсголд очоод оролцьё” гэхгүй байгаа биз дээ. Н.Удаанжаргалын “Шинэчлэлийн хороо” фракцийнхнаас олны танил Т.Аюурсайхан яллагдагчаар татагдан, Б.Ганхуяг 461 дүгээр хорих ангид саатуулагдаж байна. Бусад жижгүүд нь хуулийн байгууллагын үүдээр чулуу няслан өдрийг өнгөрөөж байгаа юм. 

Монгол Улсын Засгийн газар “Шувуу” ажиллагааны хүрээнд Монгол Улсыг орхин гарсан этгээдийг эх оронд нь буцаан авч ирэхийг тулд тухайн иргэний баттай мэдээллийг өгсөн хүнд 10 мянган ам.долларын урамшуулал олгоно гэж мэдэгдсэн. 10 мянган ам.доллараар үнэлүүлсэн Н.Удаанжаргал ямартай ч Монгол Улсын Их Хурлын гишүүдтэй холбоотой байгаа гэдгийг нь Г.Ганболд гишүүний үгнээс харж болно. Н.Удаанжаргал ингэж харийн нутагт үйлээ үзэж байхаар одоо эх орондоо ирчихмээр юм. Бусад шигээ шалгуулаад явчих хэрэгтэй. Үнэхээр үндэслэлгүй хөрөнгөжсөн юм бол хуулийн хүрээнд хариуцлагаа хүлээ. Хулгай хийгээгүй нь үнэн бол нэр төрөө цэвэрлэж аваад Хөдөлмөрийн баатар шиг амьдрах ёстой биз дээ. Саяхан л төмөр зам тавьсан баатар болж явсан ч одоо Аргентинаас “шувуу”-дуулах хэмжээнд хүрчихсэн зүдэрч байх ч гэж.

УИХ-ын гишүүн Г.Ганболдын ахалж буй Нүүрсний хэргийг Хянан шалгах түр хорооны ажил гацаанд орчихсон. Наанаа нүүрсний хулгайд шалгагдаж байгаа хүмүүсээс олон хүн хоригдсон гэж тайлбарлаж байгаа ч үнэндээ нүүрсний хулгайчдын мөнгө, эрх мэдлийн өмнө сөхөрчихөөд байгаа нь үнэн шүү дээ. Олон нийтэд “Бид дийлэхгүй юм байна” гэлтэй биш сонсголоо түр хойшлуулах замаар асуудлыг бүдэгрүүлэх зам руу нь хазайлгачихав. Нүүрсний хулгайд холбогдсон Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хөндөгдөхөд л улс төрөө даахааргүй хэмжээнд цааш гал гарах юм байна гэдгээ хэн хэн нь харсан. Тийм ч учраас Монгол төрийн томчууд гэгдэх бүх хүн хамааралтай шахуу болчихсон энэ үед улс төр тогтвортой байх, Засгийн газар ганхалгүй ажлаа явуулах гэхчилэн олон асуудал байгаа нь үнэн.

Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргалыг төмөр замын асуудал хариуцаж байхад төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг “Нууц”-ын зэрэглэлд багтааж бүхнийг бусдын нүднээс нуух боломж олгосон ҮАБЗ-ийн дарга Х.Баттулга нь гудамжинд, У.Хүрэлсүх нь Ерөнхийлөгч, Г.Занданшатар нь УИХ-ын даргаар ажилласаар байгаа юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу