Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр “Хууль зүй, дотоод хэргийн яам хуулийн төслийн үзэл баримтлалыг батлахад оролцдог.  Өнөөдөр бид Үндсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг хамтран батлалцсан.

Хуульд гурван гол агуулгыг тусгахаар хэлэлцэж байна. 

Нэгдүгээрт, Одоогийн Үндсэн хуульд заасан байгаа “Төрийн эрх барих дээд байгууллагууд байгаа газрыг Монгол Улсын нийслэл гэнэ” гэх заалтыг өөрчлөх. Үндсэн хуульд ийм заалт байдаг учраас Улаанбаатар хотын түгжрэлтэй холбоотой асуудлаар яам, агентлагуудыг Хөшгийн хөндий, эсхүл Төв аймаг гэх мэт бусад газар руу шилжүүлэх боломжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл төрийн захиргааны төв байгууллагуудыг Улаанбаатар хотоос өөр Засаг захиргааны нэгжүүд рүү нүүлгэх шаардлагатай учраас энэ заалтыг өөрчилнө. 

Хоёрдугаарт, Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах. 2012 онд хийж байсан холимог тогтолцооны элементийг оруулж ирсэн. Тухайн үед зарчмын зөрүүтэй зүйлүүд гарч байсан юм. Үүнийг Үндсэн хуулийн эрх зүйн судлаачид, эрдэмтдийн судалж, гишүүдийн тоог нэмэгдүүлэхээр тусгасан. 

Сүүлд нь, Үндсэн хуулийн цэц нь иргэдийнхээ үндсэн эрхийг хянах. Үндсэн хуулийн 16-р зүйлд зааснаар иргэний эрх зөрчигдсөн тохиолдолд тухайн иргэн Цэцэд хандах эрхийг нь нээж өгөхөөр тусгана. Ийм гурван үндсэн агуулгаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байгаа. Үүнээс өөр агуулгыг тусгавал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын хууль зөрчигдөнө” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу