Улсын Их Хурлаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.04.18) хуульч, судлаачдын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулж, эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Улс төрийн намын тухай хуулийн төслүүд чухал ач холбогдолтой болохыг онцолсон. Улсын Их Хурлаас хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүдийг энэ долоо хоногт байгуулах бөгөөд эдгээр ажлын хэсгүүдэд орж ажиллахыг урив.

Мөн тэрбээр, “Мөнгөний” сонгуулийг өөрчилж, намын дотоод ардчиллыг бэхжүүлж, бодлогын намуудыг төлөвшүүлэх, улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох замаар хууль, эрх зүйн шинэчлэлийг хийхийг зорьж байна. Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулиуд салшгүй холбоотой учраас тунхгийн шинжтэй хууль батлахаас зайлсхийж, процесс бүрийг нарийвчлан тусгахад эрдэмтэн судлаачид, хуульчдын саналыг сонсох ёстой гэдгийг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн юм.

Хуулийн төсөлд,

  •  Улс төрийн намын хариуцлагыг дээшлүүлэх,
  •  Улс төрийн нам бодлогын институт болон төлөвших,
  • Намын санхүүжилтийн ил тод байдлыг хангаж, хяналтыг сайжруулах,
  • Намын гишүүдийн тэгш оролцоог хангах,
  • Улс төрийн намуудын дотоод ардчиллыг хөгжүүлэх зэрэг үндсэн таван онцлох зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан уулзалтад оролцогчид байр сууриа илэрхийлсэн юм. 

Ардын Их Хурлын депутат, Монгол Улсын гавьяат эдийн засагч Т.Очирхүү, Үндсэн хууль судлаач Д.Ламжав нар “Улс төрийн намын хатуу гишүүнчлэлийг зохицуулж байгаа нь зүйтэй. Сонгуулийн ерөнхий хороонд аливаа улс төрийн маргааныг хянан шийдвэрлэх бие даасан бүтцийг оруулах хэрэгтэй” гэв.

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Философийн ухааны доктор, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Улс төрийн намын тухай хуулийн төслийн хүрээнд том шинэчлэл хийгдэхээр байгааг онцлоод тунхгийн шинжтэй хууль болохоос сэргийлж, процессын нарийвчилсан зохицуулалтыг оруулах ёстойг хэллээ.

Мөн хуульч Б.Гүнбилэг хуулийн төсөлд улс төрийн намуудын дүрэмд зааж болох, эс болох асуудлуудыг тодорхой тусгахгүй бол Үндсэн хуулиар олгогдсон төрийн эрх мэдэлд халдах эрсдэл үүсэж болзошгүйг хэлсэн юм.

Харин академич С.Нарангэрэл ард түмнийг төлөөлөх чадвар бүхий нэр дэвшигчидтэй байх нь улс төрийн намуудын гол зорилго учраас хүний нөөцийг чадавхжуулах, дотоод ардчиллыг бэхжүүлэх тодорхой зохицуулалтыг хийх шаардлагатай талаар байр сууриа илэрхийлсэн.

Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор, профессор Н.Жанцан, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, дипломатч Ц.Гомбосүрэн нар хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, улс төрийн намуудын тогтворгүй байдлыг халах хууль болох ёстой. Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангаж, хяналтыг сайжруулах чиглэлд гол анхаарлаа хандуулах нь зүйтэй гэлээ.  

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу