Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүрээнд газар тариалан, мал аж ахуйн салбарт олгох эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийн талаар сургалт-хэлэлцүүлгийг өнөөдөр (2023.04.18) зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк, Монголын банкны холбоо хамтран зохион байгуулсан юм.

Уг хэлэлцүүлгээр дараах асуудлыг хэлэлцэж шийдсэн бөгөөд иргэдэд олгох зээлийн хэмжээ, нөхцлийн талаар танилцуулжээ.

Дотоодыг хэрэгцээг нэмэгдүүлэх зорилгоор зөгийн аж ахуй эрхлэгчдэд 500 хүртэлх сая төгрөгийн зээлийг олгоно

Манай улсад 2017 оноос зөгийн аж ахуй эрчимтэй хөгжиж эхэлсэн ч зөгийн балны жилийн хэрэгцээ 350 тонн. Гэвч сүүлийн жилүүдэд 2 тн зөгийн бал хурааж авч байгаа аж. Тиймээс дотоодыг хэрэгцээг нэмэгдүүлэх зорилгоор 500 хүртэлх сая төгрөгийн зээлийг иргэн, аж ахуй нэгжид олгохоор болжээ.

Хүнс, газар тариалангийн чиглэлийн хөнгөлөлттэй зээл 2 жилийн хугацаатай олгоно

Мөн Хүнс, газар тариалангийн чиглэлийн хөнгөлөлттэй зээл 2 жил, мал аж ахуйн салбарын хөнгөлөлттэй зээл 3 жилийн хугацаатай олгохоор болжээ.

  • Үр тариа, тос, тэжээлийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААН-д нэг га тутамд 900 мянга,
  • Төмсний үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААН-д нэг га тутамд 12 сая,
  • Уринш боловсруулах иргэн, ААН-д нэг га тутамд 300 мянга,
  • Хүнсний ногоо, жимс жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААН-д нэг га тутамд 15 сая төгрөг хүртэл,
  • Зуны хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААН-д нэг кв.м тутамд 50 мянга,
  • Өвлийн хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААН-д нэг кв.м тутамд 100 мянган төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн байна.

Хаан банк 500 гаруй салбараараа хөнгөлөлттэй зээлийн хүсэлт авч байна

Одоогоор 237 харилцагч 103 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлсэн. Газар тариалангийн үйлдвэрлэлийн 73, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр 3, хүнс, сав баглаа боодлын үйлдвэрлэлийн 27 тэрбум төгрөгийн хүсэлт ирснийг шийдээд байгаа аж. ХХАА-н үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хөтөлбөрийн 50 хувьд буюу 500 тэрбум төгрөгөөр оролцох боломжтой санал өгсөн юм. Хүсэж буй зээлийн 60-аас багагүй хувьд үл хөдлөхийн барьцаа шаардах юм байна.

Мөн “хүнсний хувьсгал” хөдөлгөөнд зээлийн батлан даалтын сангийн оролцооны талаар мэдээллийг өгсөн юм. Тодруулбал, тухайн зээлдэгч зээлийн хүсэлтээ бүрдүүлэх материалын хамт банканд өгсний дараа банк зээлийн судалгаа хийж, шийдвэр гаргана. Тухайн банк зээлдэгчид шийдвэрийг мэдэгдэж, Зээлийн батлан даалтын сан руу гуравласан гэрээ илгээж, хянуулсны дараа банк зээл олгох юм.

Зээлдэгч зээл, барьцааны гэрээг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлнэ.  Банк, Зээлийн батлан даалтын сан, зээлдэгч нар батлан даалтын гуравласан гэрээ байгуулах юм. Тус сангаас газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, мал, аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид 3 тэрбум хүртэлх төгрөгийн зээлийн 60 хувьд батлан даалт гаргах бөгөөд зээлдэгч нь өр, төлбөргүй байх шаардлага тавих юм байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу